Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран Зуунмод хотын 80 жилийн ойг тохиолдуулан “Засмал замын дугуйн уралдааны өсвөр үе, залуучуудын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Хоёр өдрийн турш зохион байгуулсан тус тэмцээнд тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, бусдыгаа хошуучилсан тамирчдын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, ОУХМ Д.Оргодол агсны гэр бүл гардуулан өглөө. Тэмцээнд 9 аймаг, клубийн 68 тамирчин гурван зайн уралдаанд өрсөлдсөнөөс БАГА, ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛД БАГИЙН ДҮНГЭЭР:
1. Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх дугуйн шигшээ баг
2. Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клуб
3. Спортын дунд сургуулийн “Хубилай” клуб
ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛД БАГИЙН ДҮНГЭЭР:
1. “Аттила” клуб
2. Спортын дунд сургуулийн “Хубилай” клуб
3. Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх дугуйн шигшээ багийн тамирчид эхний байруудыг эзэллээ.
Энэ үеэр дугуйн спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наранд “Аймгийн Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгсөн юм.