Төв аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулж буй “Нутгийн удирдлагын байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирж оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Хууль зүй дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, мөн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч, генерал Ж.Болд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Архивын ерөнхий газрын дэд дарга Ч.Оюунчимэг болон бусад албаны хүмүүс ирж оролцсон юм.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрх зүйн шинэтгэл”, “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь”, “Шударга ёсыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” сэдвүүдээр илтгэл тавьсан бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа цаашдын зорилт” сэдвээр мэдээлэл хийлээ.
Үйл ажиллагааны үеэр салбарын алба хаагчдыг Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ, ШШГЕГазар, УБЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Архивын Ерөнхий газрын болон орон нутгийн удирдлагын шагналаар шагнаж, Төв аймаг дахь газар, хэлтсүүдийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор суудлын авто машин, компьютер тоног төхөөрөмж, “Монгол гэр”-ийг гардуулж өглөө. Мөн Нутгийн удирдлагын байгууллагаас хямд өртөгтэй түрээсийн орон сууцын батламжийг 8 албан хаагчдад, “Монгол гэр” олгох батламжийг 5 хүнд гардууллаа.