Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн газраас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ахмад зохиолч, яруу найрагчид, аймгийн Нийтийн номын сангийн ажилтнууд, аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан “Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа оролцож шинэ бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагаа нь эхэлж буй аймгийн Соёл урлагийн газрын хамт олонд “ажлын амжилт хүсээд, аймгийн удирдлагын багийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.
Мөн энэ үеэр МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдоржийн “Сэлэнгийн шаргал намар” номын нээлт боллоо. Зохиолч уг номдоо Сэлэнгэ аймагтай холбоотой өөрийн үүх түүх дурсамжаас үүдэн бичсэн өгүүллэг, тэмдэглэл, болсон явдал, хөгжөөнтэй яриа зэргийг сорчлон багтаажээ.