2021 оны 12 дугаар сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулахаар Эрүүл мэндийн яамнаас 350 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж, 2022 оны 1 дүгээр улиралд уг төвд 1.5 тэрбум төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Эрүүл мэндийг дэмжих төв нь:
1. Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм.
2. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл:
1. Хувь хүн, албан байгууллага, хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх
2. Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх өдөрлөг, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх
3. Төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх /Эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ/
Мөн Эрүүл мэндийн яамнаас 1 тэрбум 380 сая төгрөгийн хөрөнгөөр шийдвэрлэгдсэн компьютер томографи оношилгооны Somatom go.Up маркийн 64 зүслэгтэй CT төхөөрөмжийн угсралтын ажил дуусаад байна. Одоогийн байдлаар цацрагийн хэмжилтийн зөвшөөрөл авах ажил хүлээгдэж байгаа юм. Тус оношилгоог орон нутагтаа нэвтрүүлснээр хүнд өвчтөнүүдийг түргэн шуурхай цаг алдахгүй оношилж, эмчилгээг шийдвэрлэх, мөн тээвэрлэлттэй холбоотой өвчтөнд учрах эрсдэл, иргэдийн хотруу явах, зардал, дараалал хүлээх зэрэг хүндрэлийг бууруулах боломж бүрдэнэ.