Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.
Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн 2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар хэлэлцлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөл нь 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 3 зорилт, 46 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр төлөвлөж ажилласан бөгөөд хэрэгжилт жилийн эцсийн байдлаар 89.68 хувьтай хэрэгжсэн тул “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.
Мөн аймгийн зохицуулах зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөг 5 зорилт, 73 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр баталж, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар боллоо. Үүнд:
1. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтарсан багуудад үйл ажиллагааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх
2. Хулгай, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.
3. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд төрийн болон ААН, байгууллага бүрийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
4. Сумдын зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагуудын мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг шинэ шатанд гаргах
5. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд цахим техник, технологи ашиглана.
Цаашид төлөвлөгдсөн ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд анхааран аймгийн салбар зөвлөлөөс сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамгаалах байрны асуудлыг судалж шийдвэрлэх, олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, үйл ажиллагааг дэмжиж ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.