2021 оны 03 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 1 удаа хуралдаж 7 асуудал хэлэлцэж 8 тогтоол баталлаа. Үүнд:
1.Мал амьтны цахим бүртгэлийн систем, амьтны гаралтай бүтээгдэхүүнд ДМАЭМБ /ДХБ/ тавигдах шаардлагын тухай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга С.Ариунтөгсийн мэдээллийг сонслоо.
2.”Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай асуудлыг хэлэлцээд боловсруулалтын шатанд дахин буцаан хойшлуулав.
3.Хөгжлийн шийдэл ТББ-аас хийсэн ”Цар тахлын улмаас үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох судалгааны тайлан”-тай танилцан Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлж буй арилжааны банкуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн асуудлаар ярилцав.
4.Ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцээд Баянгол сумын үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг 2021 оны 7 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд, Орхонтуул сумын үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг 2021 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд, Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг тус тус зөвшөөрч, ойгоо угтаж хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэн тодорхой бүтээлч ажил зохион байгуулж ажиллахдаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг даалгалаа.
5.Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Сүхбаатар сумын ахмад настан, чөлөөт уран бүтээлч Ёндонжамцын Балданг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор, Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын дуучин, дуу ангийн багш Жаргалын Дашдавааг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, мөн чуулгын ахмад ажилтан, чөлөөт уран бүтээлч Басангийн Жаргалыг Гавьяат жүжигчин цолоор, Орхон сумын ахмад настан, Шинэ эхлэл группын зөвлөх инженер Тогоочийн Доржтовууг Хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч цолоор, төрийн захиргаа, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналт, хил хамгаалах байгууллага, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн одон, медалиар шагнуулахаар уламжиллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-11, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор-1, Алтан гадас одонгоор-19, Цэргийн гавьяаны одонгоор-1, Хөдөлмөрийн хүндэт медалиар-49 хүнийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
ТҮШИГ, ЦАГААННУУР, ЗҮҮНБҮРЭН, ШААМАР СУМДАД АЖИЛЛАВ
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа болон Тэргүүлэгч Ө.Чимэддорж, Б.Сэргэлэн, Н.Лхагвадорж, Г.Бат-Орхон, С.Шижирбаатар, Ц.Мөнхдорж, А.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүн 2021 оны 03-р сарын 02-03-ны өдрүүдэд Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар суманд ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцах, зарим төр, төсвийн байгууллага болон иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ажиллав.
Энэ үеэр тус сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчидтэй уулзан цаг үеийн ажил байдлын талаар ярилцаж санал солилцлоо. Мөн Гацуурт ХХК болон сумын иргэдийн хооронд үүсээд байгаа асуудлаар сумын болон компанийн удирдлагуудтай харилцан санал солилцож, Улаан овооны нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцан, зарим малчин өрхүүдээр орж хаваржилтын байдалтай танилцлаа.
Мөн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас оролцож дээрх сумдын ИТХ-ын тогтоол шийдвэр, үйл ажиллагаанд зөвлөн туслаж ажиллалаа.
ТЭРГҮҮЛЭГЧИД АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн газар болон аймгийн Хөдөө аж ахуйн газарт очин ажил байдалтай нь танилцлаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2017 онд батлагдан 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Дээрх хуулийн хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газар нь бие даасан үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд ажил байдал болон лабораторийн үйл ажиллагааг танилцууллаа.
Аймгийн Хөдөө аж ахуйн газрын хувьд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн хэмжээнд баримтлах салбарын бодлого зорилтоо Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид дээрх байгууллагуудын цаг үеийн ажил байдалтай танилцан, цаашид хэрэгжүүлэх бодлогын болоод чиг үүргийн төлөвлөгөөнүүдэд санал солилцон ажиллалаа.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЦАХИМААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нээж, "Авлигын мөн чанар, шалтгаан хор хөнөөл", "Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүлээх үүрэг", "Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт" зэрэг сэдвүүдээр үргэлжлэн явагдлаа.
Сургалтад аймаг, сумын нийт 430 Төлөөлөгч хамрагдаж авлигын эсрэг хууль, тогтоомжийн талаарх мэдлэг, чадвараа дээшлүүллээ.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА