Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн ээлжит 4 дүгээр хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагт аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.
Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Цагдаагийн газраас хийсэн ажил, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяны удирдлага, зохион байгуулалт, хийж байгаа ажлын талаар хэлэлцлээ.
Гэр бүлийн хүчирхийлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймаг, сумдын зөвлөл, Цагдаагийн газар, Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” 1 сарын аян зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын 750 ажилтан алба хаагч нарт Гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан, 27 сумын Засаг дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийг 2 удаа хамруулан “Хамтарсан баг”-ийн цахим сургалтыг Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 175 иргэнд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 128 иргэн, 11 хүүхдэд холбон зуучлах үйлчилгээ үзүүлжээ.
Цаашид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэдэд тогтмол сурталчлах ажлыг сумдын хамтарсан багуудаар зохион байгуулуулах, стандартын шаардлага хангасан түр хамгаалах байртай болох, зорилтот бүлэгт чиглэсэн тусгайлсан бодлого боловсруулах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн үзүүлэлт өндөр байгаа сумдад тусгайлсан чиглэл өгч ажиллах шаардлагатай байгааг тэмдэглээд аймгийн Засаг дарга, холбогдох газруудад тогтоолоор үүрэг, чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.
Мөн аймгийн хэмжээнд явагдаж байгаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, цахим уралдаан зохион байгуулах талаар салбар зөвлөлийн ажлын алба, холбогдох байгууллагуудад ажлын чиглэл өглөө.