Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04-р сарын 02-ны өдрийн 28 дугаар тогтоолоор олон хүүхэд төрүүлж өсгөж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан 423 эхчүүдийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан бөгөөд аймгийн харъяат 360 ээж өнөөдөр шагналаа гардан авлаа.
“Эхийн алдар” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд боллоо.
“Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол орноо тойрон 16 аймагт ажиллах үеэрээ, мөн нийслэлийн есөн дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулсан юм.
Энэ жил Төв аймгаас нийтдээ 423 ээж “Эхийн алдар” одон авахаас 360 ээж шагналаа гардан авч 26 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 334 ээж Хоёрдугаар зэргийн одонг гардуулан өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төв аймгийн 360 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулан өгч халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Төв аймгийн онцлох ээжүүд болох өнөөдөр одонгоо зэрэг гардан авч байгаа эгч дүүс Зуунмод сумын иргэн Энэбишийн Золжаргал, Энэбишийн Золбаяр нарт, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Өндөрширээт сумын иргэн Сүрэнжавын Даваадулам, Батсүмбэр сумын иргэн Гантөмөрийн Баасанхүү, нэг айлын уран бэрүүд Пүрэвдашийн Оюун-эрдэнэ, Лувсансүрэнгийн Амаржаргал зэрэг нэр бүхий 30 ээжид тусгайлан баяр хүргэлээ.
Өнөөдөр одонгоо гардан авсан Төв аймгийн нийт үзэсгэлэнт ээжүүд эхчүүд та бүхэндээ Төв аймгийн ИТХ-аас халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН МААНЬ ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ