Төв аймгийн Лүн суманд баригдсан спорт цогцолборын нээлтийн ёслолд сумын удирдлагууд, Олимп дэлхийн хүрэл медальт, Монгол улсын Ардын багш, Гавъяат тамирчин, Улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр, Боловсролын яамны хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн асан Г.Алтанцэцэг, Монголын хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсайхан, Аймгийн биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуяг нар оролцлоо.
Олимп дэлхийн хүрэл медальт, Монгол улсын Ардын багш, Гавъяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Лүн сумын сургууль, Лүн сумын ард иргэдийн дотроос урлаг, спортын олон гавьяатууд төрөн гарсан сайхан түүхтэй. Энэ уламжлалыг залгуулан авч явах хүүхэд залуус олон байна. Тэднийг бэлтгэл сургуулилтаа тасралтгүй явуулах сайхан спорт төвтэй болж байгаад баяртай байна гэсэн бол Монголын хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсайхан: Азийн сангийн хөрөнгө оруулалтаар мини хөл бөмбөгийн талбай байгуулах төслийг Лүн суманд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байгаа. Удахгүй шинэ хөлбөмбөгийн талбай байгуулна гэдгээ нийт Лүн сумын иргэдийн өмнө бахархалтайгаар амлаж байна гэлээ. Нээлтийн арга хэмжээнд зориулан 40-өөс дээш, 40-өөс доош хоёр насны ангилалаар гар бөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.