Монгол улсын хэмжээнд Ковид-19 цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны Зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад Ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар Монгол улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах тухай журмыг хүргэж байна. Энэхүү журмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны явцад Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Журамд зааснаар:
– Нам, эвсэл, нэр дэвшигч, сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.
– Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй /гар барих, тэврэх, үнсэх/ зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
– Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
– Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулна
– Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар /2 цагаас хэтрэхгүй/ зохион байгуулж, танхимыг агаар сэлгэлтийг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.
– Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
– Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэг ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
– Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлийн өмсөнө.
– Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
– Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.
– Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 нас хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно зэрэг заалтыг тусгаж өгчээ.