Төв аймгийн хэмжээнд 2019 оныг “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах эрхэм зорилгыг дэвшүүлэн биелэлтийг 91.4 хувьтай ханган ажиллаа. Урианы жилийн ажилд сум, байгууллага, иргэдийн анхаарал, үйл ажиллагааг бүрэн чиглүүлж бодлого, зохион байгуулалт, хөрөнгө санхүүгээр дэмжин ажиллаж нийт 99.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн юм. Өмнөх жилийн ололт амжилтыг ахиулах, тэр дундаа иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдааны 03-р тогтоолоор 2020 оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил” болгон зарлалаа. Урианы жилийн нээлтийг өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотод зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа болон хэлтэс, агентлаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар, төрийн албан хаагчид оролцсон юм.
“Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд нийт 68.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Орон нутгийн түвшинд хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албыг төлөвшүүлэх, үйлчилгээний хүртээмж чанарыг улам ахиулж, гүйцэтгэлийн сахилгыг сайжруулах, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудад “Чадахуйн зарчим”-ыг хэвшүүлж, мэдлэг чадвартай, эерэг хандлагатай, хариуцлага, ёс зүйтэй төрийн албан хаагчдыг бэлтгэх, мөн цахим засаглал, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг аймгийн “Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв” болон бүх сум, хүн амын нягтаршил ихтэй 10 багт нэвтрүүлж, иргэдийн төрөөс авах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх замаар үйлчилгээний чанарт ахиц гарган иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллах юм. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн Эрүүл мэндийн төвд “E-health” программ нэвтрүүлэх, таван сумыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд бүрэн холбох, Төрийн архивын лавлагаа, мэдээллийг онлайнаар захиалах, хүргэх, малын эрүүл мэндийн нэгдсэн систем бий болгох, “Уул уурхайн үйлдвэрлэлийн ил тод байдал” цахим сангийн мэдээллийг шинэчлэх, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын төлбөрийн ногдуулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим нийгмийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, тоон гарын үсгийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэргээр иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хялбаршуулан хүртээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээнд тавих иргэдийн хяналтын системийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн 27 сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Заамар, Батсүмбэр сумдын Нийгмийн даатгалын үйлчилгээнд “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 олон улсын стандарт, аймгийн төвийн Хэлтэс, агентлаг, харьяа байгууллагуудад менежментийн 5S-ийн зарчмыг тус тус нэвтрүүлж хэвшүүлнэ.