Монгол улсын Үндсэн хуулийг түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад батлан гаргаж байсан бөгөөд Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлсон байдаг. Одоогоос 28 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын сум бүрээс сонгогдсон Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байжээ.
Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монгол туургатан театрт “Өнөө цаг” сэдэвт Ардын их хурлын депутатуудын уулзалт, ярилцлагын арга хэмжээг зохион байгууллаа. Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Төв аймгаас 30 депутат оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулж байжээ. Тэдний төлөөлөл болгож Лүн сумаас сонгогдсон Ардын их хурлын депутат П.Энхсайхан, Архуст сумаас сонгогдсон Ардын их хурлын депутат н.Базардорж, Жаргалант сумаас сонгогдсон Ардын их хурлын депутат н.Дашзэвэг нарт хүндэтгэл үзүүлсэн бөгөөд депутатуудын зүгээс Үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, Төв аймгийн депутатуудын үүрэг оролцоо болон 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол, 28 жилийн дараах үр дүнгийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн энэ үеэр ЕБСургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Монгол улсын үндсэн хууль ард түмний үнэт зүйл мөн” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг дүгнэж, төрийн албан хаагчид, иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа.