Төв аймгийн Эрдэнэсант сумын үе үеийн тариаланчид, ногоочид, механикжуулагчид, мэргэжилтнүүд Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. 1937 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Эрдэнэсант суманд өвс хадах 7 морин машин бүхий морин станц байгуулагдсанаар орчин үеийн механикжсан газар тариалангийн үйлдвэрлэл үүсч улмаар 1959 оноос МААМС /мал аж ахуйн машинт станц/ болон өргөжин тэлж 30-аад ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1969 онд МАА-н тэжээлийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор МАХН-ын Төв хорооны бүгд хурлын шийдвэрийн дагуу Эрдэнэсант сумын МААМС-ыг түшиглэн Тэжээлийн аж ахуйг байгуулсан түүхтэй. Тус Тэжээлийн аж ахуй нь Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Өнжүүл, Заамар сумдын ХАА-н нэгдлүүдэд үйлчлэх үүрэг хүлээсэн томоохон аж ахуй байв. Эрдэнэсант сумын ТАА нь 1969-1993 оны хооронд ажиллах хугацаанд “Цагаант тэмээт”, “Усан хэрэмт”-ийн бригадууд /1973, 1983, 1985/ гурван удаагийн Улсын аварга, “Талын баян” –ийн бригад /1966, 1973, 1975, 1976, 1988/ таван удаагийн улсын аваргаар шалгарч, ЗХУ-ын Элчин сайдын яамнаас зарласан социалист уралдааны болзлыг гурван жил дараалан биелүүлж, 1983 онд Элчин сайдын яамны шилжин явах тугийг үүрд хадгалах эрхийн эзэд болж байжээ. Атар газар эзэмших I, II аяны хүрээнд Эрдэнэсант сумын ТАА-н хамт олны дундаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар Т.Лувсанцэрэн, МУ-н гавьяат агрономич А.Бадарчин, Ж.Сүрэнхорлоо зэрэг олон алдартан гавьяатнууд төрөн гарчээ.