Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 18 албан хаагч, аймгийн төвийн хэлтэс, агентлагийн төрийн захиргааны 14 албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын даргын Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга, ТАЗСЗ-ийн дарга Б.Цэрэндаваа болон зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн дарга, эрхлэгч нар, албан хаагчид оролцсон юм.
Уг арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын шагналын журмын дагуу “Залуу боловсон хүчнийг төрийн албанд сурган дадлагажуулж, ажлын туршлага, ёс зүйн хүмүүжил олгох замаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн төлөвшүүлэх” үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, захиргааны ахмад ажилтан Ш.Цэрэндоогийн дурсамж, сургаалийг сонсож “Алтан дэвтэр”-ийн “Алтан хуудас”-т алдаршуулахын зэрэгцээ салбар бүртээ амжилттай ажилласан 9 албан хаагчийг аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Энэ жилийн тангараг өргөх ёслолын ажиллагааны нэг онцлог нь уламжлалыг сэргээн зөвхөн Төв аймгийн төрийн албан хаагчдын ялгарах хүндэтгэлийн тэмдэгийг дахин олгосон юм.
Тэмдэгний билэгдэл нь:
- Үндсэн хуульд заасан зарчмуудын хүрээнд ард түмнийхээ тусын тулд төрд чин үнэнчээр зүтгэж байгаа Төв аймгийн төрийн түшээдийн бусдаас ялгарах хүндэтгэлийн тэмдэг, түүнийг хэрэглэх журмыг Аймгийн Засаг даргын 1999.11.12-ны өдрийн 195 дугаар захирамж баталсан байдаг.
- Төр, захиргааны ахмад зүтгэлтэн Г.Юндэнгийн “Гал голомт” нэртэй тус загвар нь дараах билэгдлийг илэрхийлдэг байна. Үүнд:
o Ам дөрвөлжин дүрс бол газар нутгийг төлөөлөх бөгөөд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, төрийн хууль иргэн бүрт тэгш үйлчилнэ гэсэн санал юм.
o Талбайн төвд байрласан хөх, улаан, ногоон, шар өнгүүд нь Мөнх тэнгэрийн орон, төгс төгөлдөр бадрангуй тэмүүлэл, үзэсгэлэнт сайхан хангай, нүд алдам уудам тал, эрдэмийн алтан говийг тус тус төлөөлнө.
o Ургах нарны голд “Төв” гэсэн үгийг монгол үсгээр эвхэн бичиж, тулга болгосон бөгөөд тулганы дээр галын дөл бадарч байгаа нь Төв аймагчуудын сүлд хийморь болж, гал голомтоо дээдэлж явдгийг билэгджээ.
o Талбайн голд дөрвөн зүг тэмүүлэх дүрс /хүрд/ бол:
-Эх орны өнцөг бүрийг
-Ирээдүй рүү тэмүүлэх дүр төрхийг
-Хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцлийг илтгэнэ.