ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХООР 297 ИРГЭН БҮРТГҮҮЛСЭН БАЙНА
2019 оны Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэн. Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг хангах хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс улс орон даяар “Төрийн албаны Ерөнхий шалгалт”-ыг зохион байгуулж байна. Энэ удаагийн Төрийн албаны Ерөнхий шалгалтын сонгон шалгаруулалтад Төв аймгийн хэмжээнд 297 иргэн онлайнаар бүртгүүлсэн бөгөөд Төв аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Ерөнхий шалгалтад бүртгүүлсэн иргэд, албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтуудыг ээлж дараатай зохион байгуулсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр аймгийн Монгол туургатан театрын их танхимд Ерөнхий шалгалтын үйл явцын талаар чиглэл өгөх сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын арга хэмжээнд БХЯамны Хүний нөөцийн төлөвлөлт, сургалт, хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахмад Д.Үүрцайх оролцож шалгалтын ерөнхий бүтэц, анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Төрийн албаны Ерөнхий шалгалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулна. Эхний сонгон шалгаруулалт буюу Ерөнхий мэдлэгийн ур чадварын шалгалт маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08:30 минутад аймгийн ЗДТГазрын хурлын танхимд болно.