Төв аймгийн Төрийн албан хаагчдын бусдаас ялгарах “Гал голомт” хүндэтгэлийн бэлгэдлийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Цэрэндаваад гардууллаа. “Гал голомт” хүндэтгэлийн бэлгэдэл нь Үндсэн хуульд заасан зарчмуудын хүрээнд ард түмнийхээ тусын тулд төрд чин үнэнчээр зүтгэж байгаа Төв аймгийн төрийн түшээдийн бусдаас ялгарах хүндэтгэлийн тэмдэг юм. Төр захиргааны ахмад зүтгэлтэн Г.Юндэн тухайн үеийн төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй хамтран бүтээж, аймгийн Засаг даргын 1999 оны Арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 195 дугаар захирамжаар батлагджээ.
“Гал голомт” бэлгэдлийн ам дөрвөлжин дүрс бол газар нутгийг төлөөлөх бөгөөд Монгол улсын төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, төрийн хууль иргэн бүрт тэгш үйлчилнэ гэсэн утга санааг илэрхийлнэ. Талбайн төвд байрласан хөх, улаан, ногоон, шар өнгүүд нь Мөнх тэнгэрийн орон, төгс төгөлдөр бадрангуй тэмүүлэл, үзэсгэлэнт сайхан хангай, нүд алдам уудам тал, эрдмийн алтан говийг тус тус төлөөлнө. Талбайн голд дөрвөн зүгт тэмүүлэх дүрс /хүрд/ нь эх орны өнцөг булан бүрийг, ирээдүй рүү тэмүүлэх дүр төрхийг, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцлийг илтгэнэ. Ургах нарны голд “Төв” гэсэн үгийг монгол үсгээр эвхэн бичиж, тулга болгосон бөгөөд тулганы галын дөл бадарч байгаа нь Төв аймагчуудын сүлд хийморь болж, гал голомтоо дээдэлж явдгийг бэлгэджээ.