Улс орон даяар төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шат буюу Монгол Улсын Их хурлын 2017 оны намрын чуулганаар баталсан “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийн ажил ид өрнөж байгаа цаг үед энэхүү хуулийн үзэл санаа, шинэтгэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2019 оны А/540 дүгээр захирамжаар “Мерит зарчимд суурилсан манлайлал” зөвлөгөөнийг Төв аймагт зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат тэргүүтэй аймгийн удирдлагууд, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Зүмбэрэллхам тэргүүтэй Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, “Мерит” төслийн төлөөлөгчид болон Төв аймгийн 500 орчим төрийн албан хаагч оролцож байна.
Төв аймгийн хувьд 218 төрийн байгууллагад 5588 албан хаагч ажилладаг бөгөөд албан тушаалын төрлөөр авч үзвэл удирдах албан тушаалтан 497 буюу 8.89 хувь, гүйцэтгэх албан тушаалтан 3299 буюу 59.03 хувь, туслах албан тушаалтан 1439 буюу 27.9 хувийг эзэлж байна. Нийт төрийн албан хаагчдын 3.1 хувь нь улс төр, 11.1 хувь нь төрийн захиргаа, 7.4 хувь нь төрийн тусгай, 78.4 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарч байгаа юм.
“Мерит зарчимд суурилсан манлайлал” зөвлөгөөнд оролцогчид Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн бол аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат зөвлөгөөнийг нээсэн юм. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Зүмбэрэллхам “Төрийн албаны шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-ын талаар мэдээлэл хийж байна.