2018 ОНЫ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ – АРГАЛАНТ СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2019 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд жилдээ хоёр сумын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг аймгийн төвд зохион байгуулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Аргалант сумын “Сум сурталчлах өдөрлөг”-ийг Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд зохион байгуулж байна. Эх орны өнцөг булан бүрээс илгээлт авч итгэл өвөрлөн ирж Аргал уулын өвөр, үржил шимт хөрсөнд атар газрын анхны шанг татаж Нөхөрлөл сангийн аж ахуйг 1976 оны Аравдугаар сарын 19-ны өдрийн 357 дугаар тогтоолоор, Аргалант сумыг 1977 оны Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн 209 дүгээр зарлигаар Атар газар эзэмшсэний 2 дугаар аяны хүрээнд байгуулсан түүхтэй. Улаанбаатараас 83 км, аймгийн төв Зуунмод хотоос 126 км-ийн зайд байрладаг. Газар тариалангийн эргэлтийн 15896 га, ойн сан бүхий 485 га газартай. Үйл ажиллагаагаараа аймагтай Найман удаа шалгарч байсан бөгөөд 2018 онд аймгийн Тэргүүний сумаар шалгарсан билээ. Сум сурталчлах өдөрлөгийн хүрээнд тус сумаас өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж Зуунмод хотын иргэдэд худалдан борлуулж байна. Мөн тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын тоглолтыг “Монгол туургатан” театрт зохион байгуулах юм.