Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь жилийн ойн баярын арга хэмжээг Төв аймагчууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд болон ахмад, дунд, залуу үеийн багш нарын төлөөлөл оролцсон юм. Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 51, Ерөнхий боловсролын 30 байгууллагад нийт 1038 багш ажилладаг бөгөөд үүнээс 23.1 хувийг нь 30 хүртэлх насны багш нар, 20.6 хувь нь 1-5 хүртэлх жилдээ ажиллаж байгаа залуу багш нар эзэлж байгаа юм. Миний багш-Миний бахархал арга хэмжээний үеэр Төв сайхан нутгийнхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө сэтгэл зүрх, оюун билгээ зориулж явдаг соён гэгээрүүлэгч эрдэмтэн багш нартаа хүнлэтгэл үзүүлж, тэдний хөдөлмөрийг үнэлж салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 12 багш, Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр нэг багш, Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр нэг багш, БСШУСЯамны Хүндэт жуух бичгээр 15 багш, аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр долоон багш, Хүндэт тэмдгээр нэг багш, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр 12 багш, аймгийн Хүндэт тэмдгээр дөрвөн багшийг шагнаж урамшууллаа.