УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга дэмжлэгтэйгээр аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хотын их сургуультай танилцаж, тус сургуулийн салбар сургуулийг Төв аймагт байгуулах нэгдсэн санал шийдэлд хүрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү ажил дахин нэг шатаар ахиж БНСУ-ын Сөүл хотын Их сургуулийн Ерөнхийлөгч Со Сүн Так тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзан Төв аймаг, БНСУ-ын Сөүл хотын их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
101 жилийн түүхтэй Сөүлийн Их сургуулийн салбар сургуулийг Төв аймагт байгуулах төсөл 2019-2023 оны хооронд хэрэгжихээр урьдчилсан төлөвлөгөөнд тусгагдсан. Салбар сургуулийн сургалтын хөтөлбөрийг хот төлөвлөлт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, гадаад хэл гэсэн үндсэн гурван чиглэлээр явуулах тухай БНСУ-ын талаас илэрхийлсэн бол Төв аймгийн хувьд эдийн засгийн голлох салбар болох Хөдөө аж ахуйн чиглэлийн нарийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх анги байгуулах талаар нэмэлт заалт оруулах тухайгаа илэрхийлсэн юм.