Өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат нар болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын удирдлагын төлөөлөл оролцож Монгол Улсын баатар Д.Самдан, Б.Цог нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Мөн уг арга хэмжээний хүрээнд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулж, зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэн, ард иргэд, өсвөр үеийн хүүхэд багачуудад сурталчилж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг толилуулсан юм. Зуунмод хотноо өнөөдөр зохион байгуулагдсан арга хэмжээний нэг нь Хуурай замын цэргийн командлалын байрны нээлтийн ажиллагаа байлаа. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын их хурал “Батлан хамгаалах тухай” багц хуулиудыг 2016 онд баталсанаар төрлийн цэргийн команддлалууд “Цэргийн захиргааны удирдлага”-ыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан билээ.
Батлан хамгаалах яамны зүгээс “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хуурай замын цэргийн командлалын штабыг Төв аймгийн Зуун мод хотод шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 6,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий обьектыг 2,2 га газарт барьж байгуулсан юм. 2017 оны 4 дүгээр сард шавыг нь тавьсан энэхүү барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компаниудын хамт жил гаруйн хугацаанд хийж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, ийнхүү хүлээлгэх үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Хуурай замын цэргийн командлалын хамт олонд автобусны түлхүүр гардуулан өглөө.
Уг арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “Одоогоос 10 жилийн өмнө Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Ерөнхий зориулалтын цэргийн командлалыг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш батлан хамгаалах салбарын эрхзүйн орчин шинэчлэгдэж Зэвсэгт хүчний бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хуурай замын цэргийн командлалыг ЗХЖШ-ын бүтцээс гаргаж бие даасан команд байгуулах шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан ЗХЖШ-ын даргын 2017 оны А-167 дугаар тушаалаар ЗХ-ний Хуурай замын цэргийн командлалын бие даан үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэн байлдааны тугийг гардуулан өгснөөр хуульд заасан цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж эхэлсэн. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ болон аймгийн удирдлага мэргэжлийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Батлан хамгаалахын яамны дэмжлэгтэйгээр ЗХ-ний 016 дугаар ангийн бие бүрэлдэхүүн туслан гүйцэтгэгч компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Тус командлал Төв аймгийн Зуунмод хотод шилжин байрласнаар Нийслэл хотын түгжрэлийг сааруулах утааг багасгахад ач холбогдолтой юм хэмээлээ.
Уг арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгийн бие бүрэлдэхүүн аймгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж 5 хүнд мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэсэн юм. Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойн Баярын хурлын арга хэмжээг зохион байгуулж энэ үеэр Төв аймгаас төрөн гарсан генералууд, дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцохоор Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Дорнод аймгийн Халх гол сум хүртэл 1050 км зам туулан “Морин буухиа” аялал хийсэн Д.Буянбат багштай” Өсвөрийн дайчдад” шагнал гардууллаа. Мөн Монгол улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Энхболд Орон сууц хувьчлах тухай Засгийн газрын тогтоолыг аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд гардуулсан юм. Баярын хурлын төгсгөлд зарим хүмүүсийгХалх голын ялалтын 80 жилийн ойн медаль, салбарын шагналаар шагнаж урамшууллаа.