Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яаманаас Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал сүргийг эрүүлжүүлэх, ашиг шим, үржлийн чанарыг дээшлүүлэх, малын удмын санг хамгаалах, сайжруулах, баяжуулах үйл ажиллагааг олон түмэнд танилцуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдаа Төв аймагт зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэн худалдаанд 21 аймаг нийслэлийн 9 дүүргээс малын үйлдвэрлэл угсаа, ашиг шимийг сайжруулан үржүүлж буй буй иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирээд байна. Мөн арга хэмжээний үеэр айрагны баяр, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байгаа бөгөөд Төв аймгийн 27 сумын шинэ ногоо,сүү, цагаан идээ, махны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна.
Төв аймгийн хувьд бэлчээрийн мал аж ахуйг голлон эрхэлдэг хэдий ч сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж нэмэгдэж 414-т хүрч, энэ салбарт ААН, иргэдийн бүтээлч санаачлагаар ОХУ, БНХАУ, ХБНГУ, Франц, Турк, Чех, Солонгос зэрэг улсын шилдэг техник, тоног төхөөрөмжүүдийг хэрэглэж, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутагт сүү, сүү-махны чиглэлийн алатау, хар тарлан, симменталь, монтбиллярьд үүлдрийн үхрийг үржүүлж байна. Малын чанар үүлдэр угсааг сайжруулах, нэгжийн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилт тавьж Нутгийн илүү нугаламт Баянцагаан хэвшлийн хонийг үүлдэр болгон батлуулах, “Мал солилцооны хөтөлбөр”, “Хургыг тарту болон цахилгаан соронзон долгионы аргаар хөнгөлөн махны гарцыг нэмэгдүүлэх”, Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мах, түүхий эд хаягдалгүй боловсруулах Монгол-Хятадын хамтарсан махны цогцолбор үйлдвэрийг Баян суманд байгуулах, Эрдэнэ, Зуунмод, Баяндэлгэр сумдын махны үйлдвэрт технологийн шинэчлэл хийж, мах экспортлох, малын тэжээл тариалах бүс нутгийг аймагтаа тогтоож, үрээр хангах, малчдын өвөлжөөнд тэжээл тариалуулах, 30 үнээтэй кластерийн загвар фермийн аж ахуй Баяндэлгэр суманд шинээр байгуулах, Эрдэнэ сумын МСҮТөвд сүүний фермийн ажилтны ангийг шинээр нээх зэрэг томоохон ажил хийгдэж байна.