Төв аймаг энэ жил үр тариа 69702 га-д, улаанбуудай 63942 га-д, төмс 7825 га-д, хүнсний ногоо 1163.5 га-д, тэжээлийн ургамал 9808 га-д, тосны ургамал 18942 га-д тариалалт хийсэн бөгөөд үр тариа 85260 тонн, улаанбуудай 79137 тонн, төмс 100598 тонн, хүнсний ногоо 11236 тонн, тэжээлийн ургамал 27563 тонн, тосны ургамал 7289 тонныг хураан авахаар төлөвлөн ажиллаж байна. Ургац хураалтын ажил эхлэхтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаар ахлуулсан “Ургацын штаб” хуралдан газар тариалан бүхий сумдын Засаг дарга нар, ХАА-н мэргэжилтэнгүүдтэй уулзаж, ургац хураалтын бэлтгэл ажлын явц, цаг үеийн мэдээлэлтэй танилцсан юм.
Сумдын мэдээлэлтэй танилцсаны дараа аймгийн Засаг даргаас: Сум бүр “Ургацын штаб” байгуулан үйл ажиллагааг идэвхижүүлэх, цаг агаарын нөхцөл байдлыг зөв тооцож ажиллах, тариан талбай ургацыг мал амьтнаас хамгаалах, талбайг захлах, хярууны хамгаалалт хийх, болц түргэсгэх арга хэмжээ авах, ажиллах хүчний асуудалд анхаарах, техник, тоног төхөөрөмжийн байдалд хяналт тавих, техниктэй холбоотой зөвлөгөөг тариаланчдад хүргүүлэх, техникгүй иргэн, аж ахуй нэгж иргэнд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай нөхцөлд ажлын цагийг уртасгаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг мөрдүүлж ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өглөө. Мөн энэ жилийн намрын ургац хураалтад ажиллах хүчний асуудал хүндрэлтэй байгаа юм. Өмнөх жилүүдэд ЗХЖШтабаас цэргийн албан хаагчдыг намрын ургац хураалтад гаргаж байсан ч энэ жил улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа учир ургац хураалтын ажилд оролцох цэргийн алба хаагчдын тоо эрс цөөрсөн тухай онцолсон.
Төв аймгийн газар тариалан бүхий сумдаас 1700 орчим ажиллах хүчний захиалга ирсний дагуу эхний ээлжинд МСҮТ, их, дээд сургуулийн оюутнууд, ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдыг татан оролцуулах саналыг БСШУЯаманд хүргүүлээд байгаа бөгөөд энэхүү түр ажлыг байр хүн бүрт нээлттэй юм. мөн энэ сарын 9-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд “Ургацын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.