2019-2020 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр буюу наймдугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн багш нарын бага хурлыг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Хурлын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, БСУГ-ын дарга У.Даваажав болон боловсролын байгууллагын удирдлагууд, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд оролцсон юм. Нийт 170 гаруй багш оролцсон энэ хурлаар өнгөрсөн онд Боловсролын салбарт дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийг дүгнэж, энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх зорилго, зорилтоо тодорхойлсон юм. 2019-2020 оны хичээлийн жилд “Сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй зохион байгуулж, багш, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхэд бүрийн төлөвшил сурлагын чанарт ахиц гаргах”-ыг тэргүүн зорилгодоо тусгажээ.
Мөн багшийн хөгжлийн тухай хууль, боловсролын салбарт мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүх насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, багш ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын байрандаа мэргэжил боловсролоо тасралтгүй дээшлүүлэхэд анхаарах, сургуулийн өмнөх боловсролын “Арга зүйн баг”, ерөнхий боловсролын сургуулийн “Зөвлөх баг”-ийн үйл ажиллагааг сайжруулах, “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг үргэлжлүүлэх, суралцагчдыг сурах бичгээр бүрэн хангах, тэдний эрүүл мэндэд онцгойлон анхаарах, эцэг эх, асран хамгаалагчтай нь хамтран ажиллах гэрээг байгуулж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, албан бус, насан туршийн боловсролыг хүн амын хэрэгцээнд нийцсэн байдлаар өргөжүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг тусгасан байна.
Багш нарын бага хурлын үеэр өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаагаараа тэргүүлэн, амжилттай ажилласан Лүн сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Должинсүрэн, Эрдэнэ сумын ЕБСургуулийн захирал Л.Хосбаяр нарыг аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр, Эрдэнэсант сумын ЕБСургуулийн нийгмийн ажилтан Ж.Болормаа, Заамар сумын ЕБСургуулийн сургалтын менежер Х.Уранчмиэг нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргасан багш болон хамт олныг алдаршуулж шагналыг нь гардууллаа.