БСШУС-ын сайдын санаачилгаар 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хэд хэдэн удаагийн судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургалтыг зохион байгуулсан бөгөөд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтад Төв аймгийн 1207 багш хамрагдлаа.
“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургалтын арга хэмжээний үеэр Монгол улсын Их хурлын гишүүн М.Энхболд, Монгол улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГазар, БСУГазар хамтран “Багшийн алдар” уулзалт, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд, багш нар оролцсон юм. Энэ үеэр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн захирал Ж.Болормаа “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
“Багшийн алдар”арга хэмжээний үеэр сурган хүмүүжүүлэх их үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарыг салбарын болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнасан бол аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт болон улсын олимпиадад амжилттай оролцсон багш нарыг 4.300.000 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнасан юм. “Багшийн алдар” уулзалт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол улсын Ардын жүжигчин Б.Зангад хүрэлцэн ирж “Багшаа дуулъя”, “Нэг ангийнхан” дуугаа өргөн барьсан нь тус арга хэмжээний оргил хэсэг байв.