Монголын үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн “Төв түмний цэнгэл” баяр наадмыг Аргалант суманд зохион байгууллаа. Баяр наадмын арга хэмжээний хүрээнд 27 сумын наадамд айргийн тав дотор хурдалсан дээд гурван насны шигшмэл хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон нүүдэлчдийн өв соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах, айрагны баяр, дэмбээний тэмцээн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан юм. Мөн “Төв түмний цэнгэл” баяр наадмыг аялал жуулчлалын томоохон эвент болгохоор зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд гадны зочдыг татах, харилцаат бүс нутгууддаа сурталчлах үүднээс Монгол улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужуудын хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, 24 дэх удаагийн “Саммит-2019”-ын төлөөлөгчдийг оролцуулсан юм.