XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж нь 1919 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. 1929 онд бага сургууль, 1932 онд санхүүгийн курст сурч, 1932 онд Төв театрт хөгжимчин хийж байгаад 1936 онд цэргийн албан хааж, халагдаж ирээд цэргийн чуулгад хөгжимчин, дарга, 1941 оноос улсын циркт хөгжимчин, удирдаач, 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд суралцан төгсөж Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, 1970-1974 онд Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн салбарт зохиомжийн багш, 1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв. 1936 онд Улсын гавъяат хөгжимчин, 1975 онд Ардын жүжигчин цол, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналыг 1946 онд “Эх орон” дуугаар, 1951 онд БНМАУ-ын “Төрийн дуулал”-аар хүртжээ.
Л.Мөрдорж орчин цагийн хөгжмийн гол “багана” болох нь түүний симфонийн томоохон бүтээлүүдээр тодорхойлогддог. 1955 онд түүний туурвиж дууссан “Миний эх орон” симфони монголын анхны бөгөөд симфони урлагийн түүхэнд алтан хуудсаар бичигдэнэ. Л.Мөрдоржийн уран бүтээл манай орчин цагийн хөгжмийн хөгжлийн эхэн үед хамаарахын хувьд бүтээсэн уран сайхны шинэтгэл, түвшин нь яах аргагүй хөгжмийн урлагийн анхдагчдын нэг байх бүрэн эрх бүхий хөгжмийн зохиолч юм. Манай шинэ цагийн хөгжмийн “Сонатын аллегрод” гол хэсэгт түүний бүтээлүүд зүй ёсоор орно. Иймээс ч Л.Мөрдорж орчин цагийн монголын хөгжмийн “сонгомол” төлөөлөгчийн нэг болсон юм. Л.Мөрдорж 60-аад жил дуу, бүтээл туурвисан бөгөөд цэрэг эх орны сэдэвт бүтээлүүд нь цэрэг эрийн жавхаа сүрийг магтан, итгэл зориг нэмж байсан гэдэг. “Түүхт хил” дуу нь эх орны сэдэвт дуунд баатарлаг өнгө аясыг нэмж, эрчимт хэмийг тогтоосон нь шинэчлэл болсон хэмээн үздэг. Мөн 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр “Эх орон” дуугаа зохиосон бөгөөд энэ дууны бадрангуй жавхлант өнгө аяс манай эх орны дуунуудын манлай нь болж үлдсэн юм. Монгол Улсын Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгыг Л.Мөрдоржийн нэрэмжит болгосон байна.
Дуурь:
• Хөхөө Намжил /1967/
• Жаргал /1978/
Симфони хөгжим
• I Симфони “Миний эх орон” /1957/
• II Симфони “Октябрь” /1967/
• III Симфони “Ардын наадам” /1973/
• IV Симфони “Залуучууд” /1982/
• Симфони найраглал “Октябрийн туяа” /1957/
• Симфони найраглал “Аз жаргалын минь орон” /1984/
• Симфони чуулбар /1987/
• Симфони чуулбар /1988/
• Хийл найрал хөгжмийн концерт “Эх орны нар” /1968/
• “Халх голын ялалт-39” удиртгал /1979/
Цөөхүүл хөгжим
• Чавхдаст хөгжмийн гурвал /1953/
• Хийл төгөлдөр хуурын сонатина /1954/
• “Хаврын шувууд ирлээ” ёочингийн гоцлол /1957/
• “Унаган жороо” шударгын гоцлол /1958/
• Айраг нуур хийлийн чуулга /1967/
• Чавхдаст хөгжмийн гурвал /1987/
Тайз дэлгэцийн хөгжим
• “Орчин үеийн монгол” баримтат кино /1958/
• “Морьтой ч болоосой” уран сайхны кино /1959/
• “Ардын элч” уран сайхны кино /1959/
• “Алтан өргөө” уран сайхны кино /1962/
• “Миний Монгол” баримтат кино /1971/ гэх мэт 30 орчим баримтат болон уран сайхны киноны хөгжим, мөн дууны дан хөгжмийн хэдэн зуун бүтээл бий.
Найрал дуу
• “Нэгдлийн тухай чуулбар” /1957/
• “Мөнгөн хүрхрээн чимээ” найраглал /1965/
• Магтуу “Эх орон минь” найрал дуу