Орчин цагийн Монголын хөгжмийн тулгын чулууг тавилцаж, Монгол улсад сонгодог хөгжим, дуурь, симфони найрал хөгжим, киноны хөгжмийг үндэслэн хөгжүүлэхэд бүхий л амьдралаа зориулж түүхэн гавъяа бүтээсэн, авъяас билэгт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1919 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Тариалант” хэмээх газар төрсөн. 1924-1928 онд Гандантэгчинлэн хийдэд шавилан сууж, 1928-1931 онд хорооны бага сургуульд суралцаж төгссөн бөгөөд 1931-1934 онд Монгол техник нэвтрүүлэхэд ажилчин, 1935 оноос Улсын Төв театрт хөгжимчин, 1941-1954 онд Улсын Төв театрт хөгжмийн удирдаач, 1954-1956 онд Ленинград хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцаж байжээ. 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдаач, 1957-1958 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд Бээжин хотын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч, удирдаачаар суралцаж төгсчээ. 1962-1981 онд Улсын Дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1983 оноос “Монгол кино” үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактор зэрэг ажил, үүргийг гүйцэтгэж байжээ.
1949 онд зохиосон “Ийм нэгэн хаан байжээ” жүжиг болон 1951 онд Монгол улсын Төрийн дууллын хөгжмийг зохиосон гавъяаг үнэлж БНМАУ-ын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналыг хүртээж, 1969 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цолыг олгожээ. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 254 дүгээр тогтоолоор Төв аймгийн “Монгол туургатан” театрыг Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон байна.
Дуурь:
- “Учиртай гурван толгой” /1942/
- “Жаргалын зам” /1952/
- “Тэмцэл” /1965/
- “Амарсанаа” /1970/
- “Мартагдашгүй 42 хоног” /1974/
Бүжгэн жүжиг:
- “Шуурга” Нэгдүгээр бүлэгт /1963/
- “Нуурын домог” /1968/
Симфони зохиол:
- “Хасбаатар” симфони найраглал /1962/
- “Миний эх орон” симфони удиртгал /1965/
Цөөхүүл хөгжим:
- “Хэнгийн өндөр ууланд” хийлийн гоцлол /1947/
- “Виолончель” төгөлдөр хуурын аяз /1955/
Хөгжимт жүжиг:
- Шарай голын гурван хаан
- Мандухай цэцэн хатан
- Жаргалыг хүссэн Мөнхөө
- Ийм нэгэн хаан байжээ
- Амарсанаа
- Далан худалч
- Талын баатар
Киноны хөгжим:
- Цогт тайж /1945/
- Говь хянганд тулалдсан нь /1981/
- Ацаг шүдний зөрөө /1985/
Дуу:
- БНМАУ-ын Төрийн дуулал /Л. Мөрдоржийн хамт/
- Монгол нутаг
- Сүхбаатарын туг
- Ардын намын туг
- Энхтайвны төлөө эхийн дуу зэрэг 40 орчим дууны хөгжмийг зохиожээ.
Монголын хөгжмийн ертөнцөд дуурийн урлагийг үндэслэгч, хөгжим гэх аугаа урлагийн хөгжил дэвшлийн томоохон төлөөлөл болсон авъяас билэгт хөгжмийн зохиолч, Төв сайхан нутгийн унаган хүү Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр, 73 насандаа мөнх хөх тэнгэртээ заларчээ.