Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2001 онд баталж Монгол улсад эдийн засгийн бүсчлэл тогтоож, түүгээр дамжуулан бүс нутаг, хот хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бие даасан тогтолцоонд суурилсан, бүс нутгийн эдийн засаг, нийгмийг бүрдүүлэхээр ажиллаж, бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2006-2015 оныг хүртэл баталж байжээ. Эдүгээ “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” шинэчлэн батлагдаж, улс орны хөгжил хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинээр боловсруулах шаардлага гарч, тус бодлогыг боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн хамтран боловсруулах ажлыг эхлүүлж, аймаг бүрт хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг Төв аймагт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, Үндэсний хөгжлийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Этис хөтөлбөр, Японы Жайка, аймгийн эрдэмтдийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлагийн төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Мал тариалангийн эрсдэл судалгааны төвийн төлөөллүүд “Монгол улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн арга зүйн асуудал”, “Тогтвортой хөгжлийн түншлэлийн зөвлөл”, “ Орон нутгийн хөгжил, аж үйлдвэрийн хөгжил, байршлын төлөвлөлт”, “ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-дэд бүтцийн тэнхлэгүүд ба мянганы зам” сэдвийн хүрээнд илтгэл, мэдээлэл хүргэлээ. Илтгэлийн дараагаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж нийт зочид төлөөлөгч нарын санал хүсэлтийг сонссон юм. Мөн Үндэсний хөгжлийн газар, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэгээс “Монгол улсын хүн амын суурьшилт, хот байгуулалт, аялал жуулчлалын хөгжил, байршлын төлөвлөлт”, “Олон улсын нисэх буудлыг даган хөгжих хот байгуулалтын төлөвлөлтүүдийн уялдааг хангах нь”, “Эрчим хүчний хөгжил байршлын төлөвлөлт” сэдвээр илтгэл танилцуулсан бөгөөд илтгэлийн дараа нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Манай аймаг 2017 онд Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан “Хөгжлийн түүчээ-Төв аймаг-2024” хэтийн зорилтоо батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төвийн бүсийн тулгуур төв төдийгүй нийслэл Улаанбаатар хотыг газар нутагтаа багтаан оршдогийн хувьд нийслэлийн энэ бүс нутгийн хөгжилд үзүүлэх э?рэг хийгээд сөрөг талыг харгалзан өөрийн хөгжлийн загвар, төрөлжилтийг оновчтой тогтоон хөгжсөөр байна. Тухайлбал аймгийн төвөөс 10 гаруй километрийн зайд орших, жилдээ 1.7 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор хүн амын суурьшил, нягтрал өсч, шинэ хот, үйлдвэрлэл үйлчилгээний бүтээн байгуулалтуудын ажил эрчимтэй явагдах нөхцөл бүрдэж байна. Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн түүний дагуул хот, Майдар эко, Шинэ Зуунмод зэрэг бүс нутаг шинээр байгуулагдаж, аялал жуулчлал, тээвэр ложистик, өндөр технологийн үйлдвэр болон нэхмэл, сүлжмэл оёдлын үйлдвэрүүд төрөлжин хөгжсөн “Нээлттэй бүс” нутаг болгох хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Энэхүү бүс нутагтаа “Шинжлэх ухааны парк” байгуулах, төр хувийн хэвшлийн түншлэлээр электроникийн хавтангийн үйлдвэр байгуулах ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн улс, орны аялал жуулчлалын салбарын хөгжлийн түргэтгэх хүрээнд “Манзушир хийд”-ийн түүхэн дурсгалт газрыг түшиглэн шашин соёл, аялал жуулчлалын цогцолбор төв байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг боловсруулах ажил дуусах шатандаа явж байна. Зуунмод суманд эртний түүх соёлын олдвороор Археологи, палентологийн музей цогцолбор, сургалт, судалгааны төвийг байгуулах хүсэлтээ Засгийн газарт уламжилж, газрын асуудлыг шийдвэрлээд байна.
Ноос, ноолуур, ээрмэлийн үйлдвэрийг түшиглэн нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого барьж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан эрчимтэй хөгжүүлж нийслэлийн хүнсний хэрэгцээг найдвартай хангах, хүнс үйлдвэрлэгч орон болох Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх гол түшиц нутаг болохоор ажиллаж байна. Түүнчлэн хэрэглэгч, импортлогчийн шаардлагыг хангасан ямар нэгэн эргэлзээгүй, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан хөдөө аж ахуй, үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулах, бирж байгуулах бодлого барьж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг өндөр технологиор боловсруулж нэмүү өртөг шингэсэн, гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болгох чиглэлээр ажиллаж төмснөөс цардуул гаргах, чипсний үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлээд байна. Хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн цахилгаан станц байгуулж эрчим хүчний салбарын хөгжлийг хангах хоёр томоохон төсөл мөн дэмжигдэж байна.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ: Төв аймгийн зүгээс төлөвлөн хэрэгжүүлж байгаа дээрхи бодлого, санал, санаачилга “Бүчилсэн хөгжлийн болдого”-д тусч ажил хэрэг болно гэдэгт итгэж байна. Аймгийнхаа бодлого зорилтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжил байршлын судалгаа, зураглал боловсруулах мэдээллийн баазыг өргөтгөх, улс, бүс нутгийн чанартай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Үндэсний хөгжлийн газартай нягт хамтран ажиллах болно гэдгээ онцолсон юм.