Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт
өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын дарга
Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны
дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон ажлын
дэд хэсгийн гишүүд 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон албан байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй 2019.06.17-ны өдөр цахим хурал зохион байгууллаа.
Тус
цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар,
Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, ЗДТГ-ын хэлтэс агентлагын
дарга нар, аймгийн Ерөнхий шүүгч Г.Болормаа, Цагдаагийн газрын шуурхай
удирдлагын хэлтсийн дарга Б.Цэрэндаваа, Зуунмод сумын ИТХ-ын дарга С.Энхжин,
Засаг дарга Г.Мөнхбадрал, ЗДТГ-н газрын дарга Г.Батжаргал, 6 багийн Засаг дарга
нар, иргэдийн төлөөлөл, аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд
оролцлоо.
Улсын
Их Хурлын дарга Г.Занданшатар цахим
хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсэг зурж Монгол Улсын Үндсэн
хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн
мэдүүлсэн. Маргааш төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар
шийдвэрлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт,
өөрчлөлтийн асуудал нь Монгол Улсын иргэн бүр, бүх аймаг, сум, ИТХ, төрийн бүх
байгууллагатай салшгүй холбоотой, хүн нэг бүрийн идэвх оролцоо шаардсан чухал
ажил” гэдгийг онцоллоо.
Монгол
Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар
зүйлийн 5.3.2-т “иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог
олгох”, 5.4.6-д “төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд
тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр
дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх” гэж тус тус заасныг
үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-наас улс орон даяар Үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсох аян зохион
байгуулна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт
өөрчлөлтийн төслийн талаар бодит, дэлгэрэнгүй мэдээллийг ард иргэдэд зөв
түгээх, Улсын Их Хурлын гишүүдийг тойрогтоо ажиллан Үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах үеэр дэмжих, төслийн хүрээнд нийт
иргэдийн саналыг сонсох ажлын зохион байгуулах талаар дурдан цахим хурлын зохион байгуулсан юм.
“Иргэдээ сонсъё” аяныг
улс орон даяар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэх бөгөөд аймаг бүрийн
ИТХ орон нутагтаа энэхүү аяны гол зохион байгуулагчаар ажиллах юм.