АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР
ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ
2019.06.13. Зуунмод.
Аймгийн ИТХ-ын ээлжит Арван гурав дугаар хуралдаан 06-р
сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд 75.6 хувийн ирцтэйгээр хуралдаж
дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:-
1.Аймгийн 2018 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл батламжлах
тухай өргөн мэдүүлсэн тайлан, төсөл, тэдгээрт Хурлын
Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороо, Төв аймаг дахь Төрийн Аудитын
газраас хийсэн дүгнэлтүүдийг хэлэлцээд аймгийн 2018 оны орон нутгийн төсвийн
гүйцэтгэлээр төсвийн нийт орлогыг 18710.7 сая төгрөг, аймгийн төрийн сан
дахь жилийн эцсийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг 8606.9 сая төгрөг, төсвийн зарлагын
гүйцэтгэлийг 76128.2 сая төгрөгөөр батламжлав.
2. “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай” тогтоолын зарим
заалтад өөрчлөлт оруулах, жагсаалт батлах тухай, аймгийн 2019 оны худалдан авах ажиллагааны эхний 5 сарын гүйцэтгэл, зарим
төсөв хооронд зохицуулалт хийх тухай аймгийн Засаг даргын мэдээлэл, өргөн
мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын
хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2018 оны Арваннэгдүгээр хуралдааны “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай” 02 дугаар
тогтоолын 10 дугаар заалтаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга
байгууламжийн жагсаалт”-ад өөрчлөлт оруулж “ Тогтоолын зарим заалтад
өөрчлөлт оруулах, жагсаалт батлах
тухай ” тогтоолын батлав.
3. Зуунмод сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал
уламжлах шийдвэрийн төсөл боловсруулсан тухай мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл,
түүнд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг
хэлэлцэв.
Төв аймгийн Зуунмод сумын /тэр үеийн Зуунмод хотын/
хилийн цэсийг тухайн үеийн Аймгийн
Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1971 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор санал уламжилж,
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн
1971 оны 12 сарын 8-ны өдрийн 252 дугаар зарлигаар батлан, 1918 га нутаг дэвсгэртэй байхаар тогтоон одоо
болтол мөрдөж байна. Зуунмод хотын нутаг дэвгэрийг тогтоохдоо, тус
хотын мал бүхий иргэдийг зайдуу гаргаж “Малчдын хороолол” нэртэйгээр хотын хилийн цэсийн гадна талд, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт
байршуулжээ.
Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа
нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд 1990-ээд оны эхээр
батлагдаж, засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтыг хийхэд Зуунмод хотыг
сум болгож, 6 багтай байхаар, “Малчны хороолол”-ыг Зүүндэлгэр баг болгон
Зуунмод сумын Засаг захиргааны нэгжээр тогтоож, сумын нутаг дэвсгэрийн
багтаамжаас шалтгаалан хуучнаар нь Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт суурьшуулсан
байна.
Зуунмод сумын нэг баг Сэргэлэн сумын нутагт байршиж
байгаатай холбогдон зарим зөрчил, санал гомдол гарч байсан тул энэ асуудлыг
шийдвэрлүүлэхээр 1997 оноос хойш Зуунмод сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах,
шинэчлэн тогтоолгох саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 5 удаа
хэлэлцэж, зохих тогтоол шийдвэр гарган холбогдох эрх бүхий дээд шатны
байгууллагад уламжилсан боловч, өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
Газрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ
хангамжийг нэвтрүүлэн, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн
цэсийн хүрээнд Засаг даргын захирамжаар эрх зүйн харилцаа үүссэн газрыг бүртгэж
баталгаажуулах болсон тул Зуунмод сумын хилийн цэсийн гадна байгаа Зүүндэлгэр
багийн иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар мэдээллийн программд
бүртгэгдэх боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл энэ багт оршин сууж буй иргэд,
үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, үл хөдлөх хөрөнгөд
хаяг, хаалганы дугаар олгоход хуулийн дагуу нутаг дэвсгэрийн харьяаллаараа Сэргэлэн сумын 4 дүгээр багийн хаягтай байх шаардлагатай
болж, энд олон жил суурьшин амьдарсан Зуунмод сумын иргэд Сэргэлэн сумын
харьяат болох, шилжилт хөдөлгөөн хийх, бичиг баримт солих, Сэргэлэн сумаас
төрийн үйлчилгээ авахад хүрч хүндрэл бэрхшээл учирч, санал гомдол олноор гарч
байгаа бөгөөд одоогийн байдлаар Зуунмод
сумын хилийн цэсийн гадна буюу Баруун
Зуунмод 6-р баг Энхтайвны зүйн хойд талд 212, Зүүндэлгэр 4-р багт 1909, Ланс
2-р багийн хөтөлд 55, Баянхошуу 3-р баг хуучин нисэхэд 250, хогийн хөтөл орчимд
50 нийт 2477 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлж, өмчлүүлсэн бөгөөд эдгээр
газрыг мэдээллийн санд оруулан, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээжүүлэх,
өөрчлөлт хийх, шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн кадастрын мэдээллийг бүртгэхийн
тулд Зуунмод сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж
байна.
Зүүндэлгэр багийг иргэдийг Сэргэлэн сумын харьяат болгон
шилжүүлэхийг иргэд зөвшөөрөхгүй, асар их чирэгдэл, гомдол санал гарах тул тус
багийг одоогийнхоор нь Зуунмод сумын баг хэвээр байлгаж хилийн цэсийг тэлж,
шинэчлэн тогтоолгох нь зүйтэй гэж үзээд Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сум
хоорондын хилийн цэсэд өөрчлөлт оруулан шинэчлэн тогтоолгох саналыг зохих солбицолоор дэмжиж “Зуунмод,Сэргэлэн сумдын хилийн цэсэд өөрчлөлт
оруулах санал уламжлах тухай” тогтоолыг батлан Монгол Улсын Их Хурал, Засгийн
газарт уламжлав.
4. Сэргэлэн сумын
хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах шийдвэрийн төсөл боловсруулсан
тухай мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн
хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Төв аймгийн Сэргэлэн сумын
хилийн цэсэд өөрчлөлт оруулан шинэчлэн тогтоолгох саналыг зохих солбицолоор
дэмжиж “Сэргэлэн сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” тогтоолыг батлан Монгол Улсын Их Хурал, Засгийн
газарт уламжлалаа.
5. Монгол наадам цогцолборын зориулалтаар улсын тусгай
хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол
улсын Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээний
газарт авсан “Монгол наадам цогцолбор”-ын газрын хэмжээ, хилийн цэсэд өөрчлөлт
оруулах шийдвэрийн төсөл боловсруулсан тухай мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл,
түүнд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг
хэлэлцээд Монгол улсын Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол
наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын, Төв
аймгийн нутаг дэвсгэрт хамаарах хэсгийн газрын хэмжээ, хилийн цэсэд өөрчлөлт
оруулах саналыг дор дурдсан солбицолоор дэмжиж
“Улсын тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” тогтоолыг батлан Монгол Улсын Засгийн газарт
уламжлав.
6. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын өргөн мэдүүлсэн
зарим газар нутгийг тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авах тухай санал, мэдээлэл,
түүнд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг
хэлэлцээд Заамар сумын зарим газар нутгийг аймгийн Тусгай хэрэгцээний газраас
хэсэгчилэн чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд
авах саналыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 88.5 хувийн саналаар дэмжих
боломжгүй гэж үзэн “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас
чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”
тогтоолыг батлав.
7. Буддын шашны сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах
зөвшөөрөл авах тухай зарим иргэдийн хүсэлтийн талаарх аймгийн Засаг даргын мэдээлэл,
өргөн мэдүүлсэн холбогдох баримт бичиг, төсөл, түүнд Хурлын Нутгийн удирдлага,
хууль хяналт, гадаад харилцааны хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд:-
- Төв
аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутаг дэвсгэрт “Даштэгчинлин”
хийд, Дэлгэрхаан сумын 2-р багийн нутаг
дэвсгэрт “Норовчойнпэллин” хийд, Зуунмод сумын Баянхошуу 3-р багийн нутаг
дэвсгэрт “Дашнамдоллин” буддын шашны хийдэд тус тус шашны үйл ажиллагаа явуулах
зөвшөөрлийг олгож Батсүмбэр
сумын Даштэгчинлин”, Дэлгэрхаан сумын
“Норовчойнпэллин”, Зуунмод сумын “Дашнамдоллин” хийдүүдийн үйл ажиллагаанд
хяналт тавьж ажиллахыг сумдын нутгийн удирдлагын байгууллага болон хууль
хяналтын байгууллагад үүрэг болголоо.
8. “Төв аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах
зөвшөөрөл олгох, цуцлах, үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг шинэчлэн
боловсруулсан тухай аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-ын мэдээлэл, өргөн
мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын Нутгийн удирдага, хууль хяналт, гадаад харилцааны
хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд “Төв аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага
байгуулах зөвшөөрөл олгох, цуцлах, үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг батлав.
-“Төв аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах
зөвшөөрөл олгох, цуцлах, үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг захиргааны хэм
хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсний дараа мөрдүүлэх ажлыг зохион
байгуулж, хэрэгжилтийн байдлыг хагас жил бүр шалган танилцаж, үр дүнг аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж ажиллахыг аймгийн
Засаг даргад даалгаж тус тогтоол, журмыг
Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын
бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын
албанд даалгалаа.
Аймгийн ИТХ-ын ээлжит Арвангуравдугаар хуралдаанаар 7
асуудал хэлэлцэж 8 тогтоол батлан гаргалаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА