2019 оныг аймгийн хэмжээнд “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан. Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын нилээдгүй ажил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-д байгуулагдаж байгаа “Хүлэмжийн цогцолбор парк” юм. Өнөөдөр тус паркийг ашиглалтад оруулахаар Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон улсын комисс ажиллалаа. Комиссын дарга ГХБХБГазрын дарга М.Отгонбат тэргүүтэй гишүүд тус бүрийн үүрэг чиглэлийн дагуу барилга ашиглалтад оруулах дүрэм, холбогдох норм, стандартын дагуу үзлэг шалгалтыг явуулсан юм. Уг хүлэмжийн цогцолбор паркийг барьж байгуулах ажил 2018 онд Төв аймгийн Засаг дарга болон БНСУ-ын Кангвон мужийн захирагч нарын хэлэлцээрээр яригдсан бөгөөд гүйцэтгэлийн ажил энэ оны 5 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн юм. 1000 метр квадрат талбай бүхий уг хүлэмж нь удирдлагын хэсэг, тавцангийн тариалалтын хэсэг, сургалт сурталчилгааны танхим, кофе шоп гэсэн хэсгээс бүрдэж байна. Хүлэмжийн цогцолбор паркаар дамжуулан залууст экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах юм. Уг хүлэмж нь хүнсний зориулалтаар ашиглах навчит ногоонуудын ургах таатай орчныг бүрдүүлж, хөрс, агаар, чийгшил, дулаан, усалгааны системийг тасалгааны нөхцөлд зориулан цогцоор нь шийдвэрлэжээ. Тусгайлан бэлтгэсэн тавцан дээр 6 төрлийн навчит ногоо тарих ажил тун удахгүй эхлэх юм байна.