Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн улсын бүртгэл, бүртгэлийн хяналт, улсын бүртгэлийн архивын чиглэлээр жилд дунджаар 48 мянган иргэнд үйлчилж, улс, орон нутгийн төсөвт 345 сая төгрөг оруулдаг томоохон байгууллага юм. Тус хэлтэс нь 22 албан хаагч, сумын 28 улсын бүртгэгч нийт 50 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Улсын төсвийн 668.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн онд шийдвэрлэж тухайн оны 6 дугаар сард барилгын ажил эхэлж байсан бол өнөөдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шинэ байр ашиглалтад орж албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Тамгын газрын дарга Г.Цолмон болон улсын бүртгэлийн хэлтсийн үе үеийн ахмадууд, албан хаагчид, хуулийн этгээдийн төлөөлөл оролцсон юм.
Гүйцэтгэгчээр "Арбулаг" ХХК ажилласан бөгөөд тус шинэ байр нь суурийн давхартайгаа нийлээд 3 давхар, үйлчилгээний заал, хурлын өрөө зэрэг нийт 12 өрөөтэй, чанарын стандартад нийцсэн архивын өрөөнөөс бүрдэж байгаа юм.