Монгол улсын Төв аймгийн ИТХ, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хоа Бинь мужийн ИТХ-ын дарга нар Вьетнам улсад 2017 онд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-г байгуулж найрамдалт хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны аймаг, муж хоорондын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг өргөжүүлэх, соёл урлаг, зан заншил, түүхийг сурталчлах, аялал жуулчлалын салбаруудыг хамтран хөгжүүлэх түншлэлийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.
Энэ удаад Хоа Бинь мужийн ИТХ-ын дарга Чан Данг Нинь тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт айлчилж, аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргатай албаны уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд муж, аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, харилцан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан 2 орны соёл, зан заншил түүхийг сурталчлах чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх саналаа илэрхийллээ. Мөн оюутан солилцооны асуудлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Төв аймгийн ИТХ-аас айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж Монгол орны соёл, ёс заншил, өв уламжлалыг танилцуулах олон арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Монголын уламжлалт баяр бэсрэг наадмыг зохион байгуулж, эрийн гурван наадмыг сурталчилсан бөгөөд маргааш буюу 06 дугаар сарын 06-ны өдөр Хоа Бинь мужийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг Монгол, Вьетнамын парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн А.Сүхбаттай албаны уулзалт хийж, айлчлалын үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.