Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус замыг түр хугацаагаар хааж, зүүн чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Зуунмод сумыг дайран өнгөрч байгаа нь манай аймгийн иргэдийн өдөр тутам зорчдог Улаанбаатар – Зуунмод чиглэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг нэмсэн. Хүнд даацын автомашин, том оврын автобус зорчих болсноор манай аймгийн автозамд эвдрэл үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа юм. Тэгвэл энэ байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс автозамын арчлалт, урсгал засварыг тухай бүрт нь хийх бөгөөд замын арчлалт, урсгал засварын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Энэ онд улсын авто замын сангаас 664.4 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбар, хашлага, хайс суурилуулах ажлууд болон 4-р зөрлөгийн уулзвар дээр байнгын ажиллагаатай даац хэмжигч /пүү/ суурилуулах ажлуудыг хийсэн байна. Эвдэрсэн далан, суурийн шаардлага хангахгүй материалыг сольсон бөгөөд асфальтобетон хучилтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэх аж.
Жил бүрийн 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд хөрсний гэсэлтийн үе явагддаг ба энэ үеэр хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төв, “Төв АЗЗА” ТӨХК-ний хамтарсан ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээг шалгаж, хууль дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, 2 цэгт зөөврийн пүү суурилуулан байнгын хяналт шалгалт хийн ажиллаж байна.