Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Хууль, эрх зүйн “Хуулиа дээдэлье” тэмцээнийг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнийг “Өсвөрийн сэргийлэгч-Бидний оролцоо” сэдвийн дор Зуунмод, Заамар, Бүрэн, Баяндэлгэр сумдад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус тэмцээн нь улсын хэмжээнд зохион байгуулагдах “Өсвөрийн сэргийлэгч” улсын уралдааныг угтаж орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
“Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог хангах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээнд 26 сумын 26 багийн 260 сурагч оролцож хууль, эрх зүйн мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
1. Баяндэлгэр сумын төв 1 дүгээр бүсийн сумдаас:
Тэргүүн байрыг Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг
Дэд байрыг Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд” баг
2. Бүрэн сумын төв 2 дугаар бүсийн сумдаас:
Тэргүүн байрыг Алтанбулаг сумын “Сэргийлэгч тоншуулууд” баг
Дэд байрыг Баян-Өнжүүл сумын “Тэмүүлэл” баг
3. Зуунмод сумын төв 3 дугаар бүсийн сумдаас:
Тэргүүн байрыг Баянчандмань сумын “Соёмбо” баг
Дэд байрыг Батсүмбэр сумын “Зогсолтгүй эргэлт-2” баг
4. Заамар сумын төв 4 дүгээр бүсийн сумдаас:
Тэргүүн байрыг Лүн сумын “Хатуу самар” баг
Дэд байрыг Баянцогт сумын “Легро” багууд тус тус шалгарч аймгийн ГХУСАЗСЗ-ийн нэрэмжит шагналаар шагнагдсан байна.