Төв сайхан нутгаас эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан олон сайхан алдартнууд төрсөн байдаг. Тэдгээр алдартнуудын тэргүүн эгнээ Монгол улсын хөгжмийн урлагийн ноён оргилууд болох Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Аймгийн ИТХ-аас 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гарч, аймгийн Засаг даргаас ажлын төлөвлөгөө гарган суут хөгжмийн зохиолчдынхоо хийж бүтээсэн их үйлсээр бахархах, хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн ЗДТГ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театр хамтран 4 дүгээр сарын 20-нд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын бүтээл “Монгол улсын Төрийн дуулал”-ын гэрэлт хөшөөг аймгийн төв Зуунмод хотноо сүндэрлүүлэхээр шавыг нь тавьсан юм. “Монгол туургатан” театрт суут хөгжмийн зохиолчдын “Алдарын танхим”-ыг тохижуулан нээж, Улсын Консерватор, “Монгол туургатан” театрын уран бүтээлчдийн хамтарсан “Хүндэтгэл”-ийн тоглолтыг зохион байгууллаа. Мөн Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн нарын бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг “Монгол туургатан” театрын тайзнаа амилуулсан юм.
Энэхүү арга хэмжээг н.Батсайхан тэргүүнтэй “Төвийн бүсийн тулгуур хөгжлийн төв” ТББ-аас дэмжин ажиллаа.