Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01-р сарын 23-ний өдрийн 09, 10 дугаар тогтоолуудаар тус ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Тэртээ 1950 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Төрийн дуулалтай болохоор хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлж “Монгол улсын төрийн дуулал”-ын ая бүтсэн түүхтэй. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд тус аялгуунд тохирсон үг бичих даалгавар оноогдож 1950 оныг хүртэл төрийн дуулалгүй явсан Монгол улс тухайн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсны “Төрийн дуулал”-ыг эгшиглүүлэх болсон.
Суут хөгжмийн зохиолчдынхоо хийж бүтээсэн их үйлсээр бахархах, хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн ЗДТГ, Монгол туургатан театр хамтран 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дараах арга хэмжээг зохион байгуулах юм. Үүнд:
- Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын бүтээл “Монгол улсын Төрийн дуулал”-ын гэрэлт хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ
- МУ-ын Консерватор, Монгол туургатан театрын уран бүтээлчдийн хамтарсан “Хүндэтгэл”-ийн концерт
- Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын “Алдарын танхим”-ын нээлтийн арга хэмжээ
- Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Их зохиолч Д.Нацагдорж нарын уран бүтээл “Учиртай гурван толгой” дуурь