Атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу Атрын анхны аяны тогтоолыг 1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас гарган эхлүүлж байсан бол хоёр дахь аяныг 1976 оноос, гурав дахь аяныг 2008 оноос өрнүүлж байжээ. Монгол улсад атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн нээлтийн үйл ажиллагааг Төв аймагчууд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Аймаг, сумдын удирдлагууд, Хөдөлмөрийн баатар, ахмад тариаланчид, гавъяат агрономич, механикжуулагчид болон 27 сумын тариаланч, ногоочдын төлөөлөл оролцсон юм.
Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариаланг хөгжүүлсэн анхны жил буюу 1960 онд Төв аймаг үр тариа 61.610 га талбайд тариалж, Жаргалант сум 14.755 га-д, Батсүмбэр сум 1.086 га-д, Борнуур сум 3.149 га-д, Архуст сум 890 га-д, Баянцогт сум 878 га-д, Лүн сум 759 га-д, Сэргэлэн сум 600 га-д, Заамар сум 166 га-д, Баянжаргалан сум 30 га-д, Угтаалцайдам сум 24 га-д, Эрдэнэсант сум 6 га-д, Алтанбулаг сум 3 га-д, Дэлгэрхаан сум 1 га талбайд тариалалт хийж 90.967 тн ургац хураан авч атрын анхны аяныг өрнүүлж байсан түүхтэй. Мөн манай аймаг атар газар эзэмшсэнээс хойш газар тариалангаа тогтвортой хөгжүүлж, Атрын 60 жилийн түүхэнд Атрын нэгдүгээр аянаас 1,4 сая тонн, хоёрдугаар аянаас 2,9 сая тонн, гуравдугаар аянаас 7,9 мянган тонн ургац хураан авч 5,2 сая тонн үр тариа үйлдвэрлэж байжээ.
2018 онд үр тариа 78961 га-д тарьж 94267 тонн, төмс 5705 га-д тарьж 81499 тонн, хүнсний ногоо 1165,3 га-д тарьж 10653 тонн, малын тэжээл 12232 га-д тарьж 65683 тонн ургац хураан авч төмс, малын тэжээлийн хураан авсан нийт ургацаараа улсдаа тэргүүлсэн амжилт гаргасан манай аймаг Монгол улсын үр тарианы 25,2 хувь, төмсний 49 хувь, хүнсний ногооны 11 хувь, малын тэжээлийн 49 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Өмнөх онд гаргасан амжилтаа бататган ахиулах зорилгоор энэ онд үр тариа 91 мянган га-д тарьж 152.850 тонн, төмс 5.990 га-д тарьж 8.6855 тонн, хүнсний ногоо 1.600 га-д тарьж 18.200 тонн, малын тэжээл 8.500 га-д тарьж 18.700 тонн ургац хураан авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсад атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн туг залах ёслолын ажиллагаа, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан 8 сумын 12 бүлэгт “Батламж” гардуулах ажиллагаа болон газар тариалангийн салбарын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байдаг тариаланч, ногоочдын хөдөлмөр, зүтгэлийг иргэд, олон түмэнд сурталчлан таниулах зорилго бүхий “Атарчдын талбай”-н шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.