Төв аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар, Төвийн бүсийн тогтвортой хөгжлийг дэмжих агентлаг, Монголын их дээд сургуулийн консорциум хамтран ахлах ангийн сурагчдад зориулан “Шинэ алхам” боловсролын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, БСУГазрын дарга У.Даваажав, Төвийн бүсийн тогтвортой хөгжлийг дэмжих төвийн тэргүүн Ш.Батсайхан, МУИС-ийн багш, докторант Д.Ядамжав болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн эрдэмтэн багш нар, сурагчдын төлөөлөл оролцсон юм. Хүний амьдралын залуур болсон мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал, том алхам. Энэхүү хариуцлагатай сонголтоо хийх гэж буй ахлах ангийн сурагчиддаа туслах зорилгоор зохион байгуулагдаж буй уг өдөрлөгийн үеэр зохион байгуулагчдын зүгээс “Мэргэжил сонголт”, “Харилцаа, хандлага” сэдвээр илтгэл мэдээлэл хийж, анх их дээд сургуульд элсэн орж байсан дурсамжаа хуваалцлаа. Мөн Монголын их дээд сургуулийн консорциумаас төрийн болон хувийн их дээд сургуулиудын “Сургууль сурталчлах арга хэмжээ”-г зохион байгуулж өдөрлөгт оролцогч сурагчдад танилцуулга мэдээллээ хүргэж ажиллалаа.
“Шинэ алхам өдөрлөг”-ийн үеэр Төвийн бүсийн тогтвортой хөгжлийг дэмжих төв, аймгийн БСУГазар хамтран ажил мэргэжлээрээ тэргүүлсэн шилдэг багш нар, БСУГазрын дэргэдэх “Зөвлөх баг”-ийн шилдэг багш нар, олимпиад, уралдаан, тэмцээн, элсэлтийн ерөнхий шалталтад бэлтгэсэн сурагчид нь амжилт үзүүлсэн 39 багшийг “Улаан Үүд- Итгэлт хамба”-ын 4 өдөр 3 шөнийн аялалын эрхийн бичгээр шагнаж урамшуулсан юм. Мөн Монголын хувийн хэвшлийн хамгийн том сургууль болох “Монголын Үндэсний их сургууль”-д суралцаж байгаа сурагчид нь сурлага, урлаг спортын амжилт гарган суралцаж байгаа Батсүмбэр сумын багш С.Ууганбаатар, Заамар сумын багш Д.Мөнгөнцэцэг, Баянчандмань сумын багш С.Өнөр-Өлзий нарт Монголын Үндэсний их сургуулийн нэрэмжит шагналыг гардуулан өгсөн юм.