Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр дүгнэдэг тогтсон жишиг олон улсад бий. Манай аймгийн хувьд нийт хүн амын 24.5 хувийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 37 хувийг хүүхэд эзэлж байна. Иймд хүн амын тодорхой хувийг эзэлж байгаа эхчүүд хүүхдийн эрүүл мэндийг тогтвортой дэмжихийн тулд тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран “Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргая” аймгийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин болон сумдын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Баттүвшин “Улсын хэмжээний эх барих эмэгтэйчүүд хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт” сэдвээр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Аймгийн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл хүргэсэн юм.
Төв аймгийн хувьд Аймгийн Засаг даргын санаачилга, санхүүжилтээр эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргах үүднээс “Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөр, “Сувилагч” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, жирэмсний хяналтыг сайжруулахын тулд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл мэдээллийн программыг анх удаа орон нутагтаа нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд сүүлийн 2 жил эхийн эндэгдэлгүй ажиллаж, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 24 хувиар буурсан үзүүлэлт байна. Цаашид эх хүүхдийн тусламж үйлчилгээнд ахиц гаргах чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулахад анхаарах хэрэгтэйг онцолж байв.