Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар:
1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр /2017-2018/
оны хэрэгжилтийн явцыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 26
дугаар тогтоолоор батлагдсан хөтөлбөрийн хүрээнд 2 жилийн хугацаанд хийсэн
ажлын талаарх үр дүн, хийж гүйцэтгэж байгаа ажлын мэдээ тайланг иргэдэд
сурталчлан таниулах ажлыг түлхүү зохион байгуулж ажиллах, хөтөлбөрийн
хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж ажиллах шаардлагатай гэж үзэн тус хөтөлбөрийг
2019-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд оролцогч талуудын саналуудыг авах, ажил
олгогч-иргэн хоорондын Хөдөлмөрийн /ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах/ гэрээний
хэрэгжилтийг хянаж, мэдээллийн сан бүрдүүлэх, хүүхэд залуучуудад хөдөлмөрийн
хүмүүжил олгох, хөдөлмөр, амьдралын үнэ цэнийг ойлгуулах, мэдрүүлэх зэрэг
сургалт, сурталчилгааны ажлыг нэмэгдүүлэхэд тухайн чиглэлээр үйл ажиллагаа
явуулж байгаа байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж ажиллахыг анхаарч ажиллахыг
даалган тогтоол батлан үүрэг өгөв.
2.Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг
хэлэлцээдТөв аймгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд авъяас билэг, хүч
хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан,
мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийг төрийн дээд одон медаль болох “Гавъяат
механикжуулагч цол”-оор 2, “Хөдөлмөрийн гавъяаны
улаан тугийн одон” –оор1, “Цэргийн гавъяаны одон” –оор2, “Алтан гадас одон”-оор11,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 10 иргэдийг тус тус шагнуулахаар Монгол Улсын
Ерөнхийлөгчид уламжлав.
3.Энгийн
хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах,
булшлах журмын төслийг хэлэлцээд иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдолыг багасгах, урьдчилан сэргийлэх
үүднээс иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, айл өрх, аж ахуйн нэгж,
байгууллагаас гарах хог хаягдлыг анхан шатны эх үүсвэр дээр нь ангилан ялгах,
цуглуулах, дахин боловсруулах замаар сэргээн ашиглах, тээвэрлэн устгах,
төвлөрсөн хогийн цэг талбайд ландфилийн аргаар
түрж булах тэдгээртэй холбогдон гарах харилцааг зохицуулах,
сумдын Засаг даргын
тамгын газар, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дарж булах,
устгах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, байнга болон түр оршин суугч иргэн, малчин
өрх, харьяалалгүй хүн дагаж мөрдөх зорилгоор тус журмыг сумдын Засаг
дарга, ажлын алба зохион байгуулж хэрэгжүүлэхээр “Журам батлах тухай” тогтоолыг
батлав.
4. “Үндэсний дээд бүтээн
байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-д нэр дэвшүүлэх тухай асуудлыг
хэлэлцээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2018 оны 22 дугаар захирамжаар батлагдсан
“Үндэсний бүтээн байгуулалтын
дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын журмын шаардлага хангасан МОГОЛ НООС
ХХК –ний нэрийг дэвшүүлэн “Нэр дэвшүүлэх
тухай” тогтоолыг батлан холбогдох материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
5. Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн
мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцээд аймгийн Засаг даргад хуралдааны
тэмдэглэлээр үүрэг өгөв.
6. Мал аж ахуйн хаваржилт, төл бойжилтийн цаг үеийн
мэдээлэл /Ажлын албаны
дүгнэлт/-ийг хэлэлцээд аймгийн Засаг даргад хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах
орон тооны бус аймгийн байнгын ажлын хэсгийг байгуулж ажиллах журмын төслийг
хэлэлцээд орон тооны бус аймгийн байнгын ажлын хэсгийг 19 хүний бүрэлдэхүүнтэй
байгуулж “ Ажлын хэсэг байгуулж журам батлах тухай ” тогтоолыг батлав.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 5 дугаар
хуралдаанаар нийт 7 асуудал хэлэлцэж 5 тогтоол батлан хуралдааны тэмдэглэлээр 2
үүрэг өгөв.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА