Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм.
Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж ”Иргэн төвтэй төрийн үйлчилгээ гэдэг бол засаглалыг ил тод, нээлттэй байлгаж, төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэхийг хэлж байгаа юм. Нөгөө талаар дундаж давхарга 75-аас дээш хувьтай байж ардчилсан нийгмийн эдийн засаг бодит өсөлт болж, эдийн засгийн тэрхүү өсөлт нь цаасан дээр үлдэх биш иргэндээ хүрдэг. Тийм болохоор Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээг нэмэгдүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг бүх иргэндээ хүргэхэд чиглэсэн тодорхой шийдвэрийг ойрын үед Засгийн газар гаргана” гэлээ.
Энэ үеэр Аймгуудын удирдлагуудаас Аймаг, аймгийн төвийн сумын ЗДТГ-ын бүтэц орон тоог нэмэгдүүлэх, ЖДҮ-ийн сангийн эрхийг орон нутагт шилжүүлэх зэрэг асуудлыг ихэвчлэн хөндөж байлаа.
Манай аймгийн хувьд тариалалт эхлэх цаг үетэй холбогдуулан Өнгөрсөн жил тариа хураалт оройтож болц муу, налсан зэрэг асуудлаас болон үр дутагдалтай байгаа, оготно устгалын ажилд улсын хөрөнгө оруулалтыг тодорхой болгох, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг тусдаа бие даасан байдалтай болгож хэвийн үйл ажиллагааг нь хангаж өгөх зэрэг асуудлыг хөндлөө. Мөн 4-р сарын 1-ээс эхлэн Улаанбаатар Налайхын чиглэлийн авто замын ажил эхлэхтэй холбогдуулан манай аймгийн төв Зуунмод хотыг дайран өнгөрөх авто машины хөдөлгөөний эрч ихсэх тул замын тэмдэг тэмдэглэгээ, зурвас гарц, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг ЗГХЭГ-т уламжиллаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал онцлон гамшгаас хамгаалах чиглэлд томоохон хөрөнгө оруулалтыг аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдэж шинэ 4 нэгжид шуурхай албаны УАЗ Фургон автомашин шийдэж өгсөнд талархал илэрхийллээ.