Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийн талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд 3-р сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Лапланд эко” ХХК-ний ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Төв аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх” ажлын талаарх мэдээллийг хийлээ.Төв аймаг нь Монгол улсын хамгийн олон засаг захиргааны нэгжтэй аймаг. Газар зүйн хувьд Улаанбаатар хотыг хүрээлэн оршдог учраас аймгийн хэмжээний хийгээд улс орны нийгэм эдийн засгийн хэрэгцээгээ даган газар, газрын баялгийг ашиглах явцад гарах төлөв байдал, өөрчлөлтийг урьдчилан харж газрын менежментийн бодлого, бүсчилсэн төлөвлөлтөөр дамжуулан газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх газрын эдийн засгийн чадавхи нөөцийг нэмэгдүүлэх нь чухал асуудлын нэг болоод байна юм.
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2006 онд батлагдсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх явцад улс, бүсийн чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлууд, иргэдэд газар өмчлүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, шинэ суурьшлын бүсүүд үүсэх зэргээр тухайн үед тодорхойлж байсан зорилго, зорилтуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болж хууль эрх зүйн болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс нийгэм эдийн засаг, экологи, газрын нөөц, нөхцөлд тохирсон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан хэрэгжүүлэхийн тулд 2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар энэхүү ажлыг эхлүүлж гүйцэтгэгчээр “Лапланд эко” ХХК шалгаран гүйцэтгэж байгаа бөгөөд хийж гүйцэтгэж байгаа ажлын талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд танилцууллаа.