Төв аймаг нь Монгол улсын хамгийн олон засаг захиргааны нэгжтэй аймаг. Газарзүйн хувьд Улаанбаатар хотыг хүрээлэн оршдог учраас аймгийн хэмжээний хийгээд улс орны нийгэм эдийн засгийн хэрэгцээгээ даган газар, газрын баялгийг ашиглах явцад гарах төлөв байдал, өөрчлөлтийг урьдчилан харж газрын менежментийн бодлого, бүсчилсэн төлөвлөлтөөр дамжуулан газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх газрын эдийн засгийн чадавхи нөөцийг нэмэгдүүлэх нь чухал асуудлын нэг болоод байна юм.
Аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран сумдын удирдлагууд, албан хаагчид, холбогдох албан тушаалтнууд болон эрдэмтдийн зөвлөл, “Лапланд эко” ХХК-ний ажлын хэсгийг оролцуулан “Төв аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх” ажлын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2006 онд батлагдсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх явцад улс, бүсийн чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлууд, иргэдэд газар өмчлүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, шинэ суурьшлын бүсүүд үүсэх зэргээр тухайн үед тодорхойлж байсан зорилго, зорилтуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болж хууль эрх зүйн болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс нийгэм эдийн засаг, экологи, газрын нөөц, нөхцөлд тохирсон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан хэрэгжүүлэхийн тулд 2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар энэхүү ажлыг эхлүүлж гйүцэтгэгчээр “Лапланд эко” ХХК шалгаран гүйцэтгэж байна.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа Газрын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгүүд, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Хөгжлийн түүчээ–Төв аймаг–2024 аймгийн хөгжлийн хэтийн зорилт” болон салбаруудыг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүд, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020 он/ зэргийг баримтлан үндсэн шийдэл болох бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, уул уурхайн ашиглалт, түүнээс байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох, тусгай хамгаалалттай газар нутгийг тодорхойлох, усны эх үүсвэр болох булаг шандыг хамгаалах, бэлчээр усжуулах, бэлчээрийн менежментийг сайжруулах, нөхөн сэргээх, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, зам, харилцаа, дэд бүтэц, хот, суурин газрын ашиглалт, түүний хэтийн төлөв, ойн болон усны сан бүхий газрын ашиглалт, хамгаалалт зэрэг асуудлуудын нөхцөл байдлыг нь тодорхойлон судалж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, холбогдох тооцоо, судалгааг гарган ажиллаж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үр дүн, санал санаачилга нь 2019-2030 оны хооронд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх бодлогын баримт бичигт тусгагдах юм.
Энэхүү ажлын анхны хувилбарыг аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын тэргүүлэгчдээр тус тус хэлэлцэж, тэдгээрээс гарсан санал, зөвлөмжийг тусгах, засварлах ажлыг хийгдэж эцсийн хувилбар боловсрогдоод байгаа бөгөөд 3 дугаар сард хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батлагдана.