Айлчлан ирж буй шороон гахай жилийн босгон дээр эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийг дээшлүүлж, залуу малчдыг мал маллах арга ухаанд сургаж, малч ухаанаараа манлайлсан Баянжаргалан сумын малчин Г.Лхагва-Очир Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Тэрээр 1982 онд Худалдааны техникумын түүхий эд бэлтгэлийн ангийг төгсөж Архангай аймагт хуваарилагдан түүхий эдийн эрхлэгчээр 5 жил ажиллажээ. 1987 онд Баянжаргалан сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажиллаж байгаад 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл хувийн мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж малаа төлөөр нь тогтвортой өсгөж, хээлтэгч мал бүрээс төл бойжуулан авч малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Баянцагаан хэвшлийн илүү нугаламт хуцаар хонин сүргээ сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн төдийгүй малгүй буюу цөөн малтай иргэдийг малжуулахад 1007 толгой мал өгсөн байна.