Газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, техник технологийг бүтээлчээр хэрэгжүүлж, хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангах их үйлсэд оруулсан хувь нэмэр оруулж байгаа эрхэм бол Баянчандмань сумын тариаланч Б.Базаррагчаа юм. Амьдралынхаа 43 жилийг тариан талбайтай холбосон түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, амжилтыг Монгол улсын Засгийн газраас үнэлж “Улсын аварга тариаланч”-аар өргөмжилжээ. “Улсын аварга тариаланч” Б.Базаррагчаагийн шагналыг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд гардуулан өглөө.
Б.Базаррагчаа нь 1996 оноос газар тарианлангийн салбарт хувиараа хөдөлмөрлөж талбайн соёлжилт, хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулах зорилт тавин үйлдвэрлэлдээ шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэн ажилласаар ирсэн ба талбайн боловсруулалтаа технологийн дагуу хийж сэлгээтэй тариалалтыг үйл ажиллагаандаа хэвшүүлэн “Таримал тэжээл-төмс-хүнсний ногоо” гэсэн гурван сэлгээг тогтмол мөрдөн ажиллаж байна. 2018 онд нэгжээс авсан ургацаараа аймагтаа тэргүүлсэн бөгөөд га-гаас авах ургацын хэмжээгээ тогтмол 20-50 хувиар нэмэгдүүлж, хөрс хамгаалах болон ээлжлэн тариалах системийг үйл ажиллагаандаа хэвшүүлсэн тэрээ залуу тариаланчдад өөрийн мэдлэг туршлагаа өвлүүлэх зорилгоор 3-4 хүнийг дагалдуулан сургаж байна.