1992 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй 36 жил эрхэлж, тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэврүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа “Шимт уринш” ХХК-ний хамт олон хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга тариаланч хамт олон” хэмээх эрхэм алдрын эзэд боллоо. “Улсын аварга тариаланч хамт олон”-ы шагналыг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд гардуулан өгсөн юм.
“Шимт уринш” ХХК нь 850-1000 га гэргэлтийн талбайтай, жилд дунджаар 500-1000 га-д үр тариа тариалдаг. 2018 онд 500 га-д улаан буудай тариалж 1 га-с 40 центр буюу 2000 тонн ургац, 100 га ногоон тэжээл тарьж 1500 тн хураан авсан байна. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийсэн тус хамт олон уриншийн боловсруулалтыг технологит хугацаанд нь хийж 100 хувийн чанарыг үнэлгээтэй хүлээлгэн өгч өөрийн нийт эргэлтийн талбайг бүрэн ашигласан бөгөөд 2015 оноос “Тэжээлийн цех” байгуулан сард 10-15 тонн тэжээл үйлдвэрлэн малчдын хэрэгцээнд нийлүүлдэг аж. Жилд 20 хүртэл хүнийг улирлын чанартай ажлын байраар хангаж ажилладаг бөгөөд “Тэжээлийн цех”-дээ 4-6 ажлын байрыг тогтмол гарган ажиллаж байна.