Тэнгэр заяатай малчин ардынхаа удмыг таслалгүй, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж буй Алтанбулаг сумын Замт багийн малчин С.Мэндбат Шороон гахай жилийн босгон дээр “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийн эзэн боллоо. Түүнийг шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл нар хотонд нь очиж гардуулан өгсөн юм. Тэрээр 1976 оноос хойш мал маллаж эхэлсэн бөгөөд одоогоор 4 төрөл дээр малаа өсгөн үржүүлж, залуу малчдаа дэмжин малжуулж, мал маллах арга ухаанаа хойч үеийнхэндээ өвлүүлсээр байна.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Улсын аварга малчин С.Мэндбатынд зочлон очиход хашаа хороо, гадна талын тохижилт өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа. Тэндээс малч ухаан, малчин хүний малаа гэх сэтгэл, ажилч хичээнгүй, хөдөлмөрч байдлыг бэлхнээ харж болохоор байсан юм.