ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН 2018 ОНЫ ТАЙЛАН

2019-01-17

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, ТҮҮНИЙ АЖЛЫН АЛБАНААС

2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

 

Нэг. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд

ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны талаар

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 онд хэрэгжүүлэхээр 5 бүлэг, 95 заалт бүхий төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, төлөвлөсөн ажлынхаа 95%-ийг биелүүлэн, Тэргүүлэгчдийн хурлыг 80 хувийн дундаж ирцтэйгээр 18 удаа хуралдаж орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан 162 асуудал хэлэлцэн, 462 заалт бүхий 183 тогтоол батлан хэрэгжүүлж байна. 

Дээрх хэлэлцсэн асуудлуудыг салбараар нь авч үзвэл хөрөнгө оруулалт, эдийн засгийн13, өмч, хөрөнгийн -15, нийгмийн салбар буюу боловсрол, эрүүл мэнд, соёлын -45, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуучлалын37, нийгмийн хэв журмыг хангах, хяналт шалгалт, дотоод ажлын28, бусад ажлын чиглэлээр 24 асуудал хэлэлцсэн байна.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид анх удаа хөдөө орон нутагт буюу Манлай сумын "ШАР ЦАВ" хэмээх газарт хуралдаж, Шар цав, хүрдэт агуйн соёлын өвийн менежментийн төлөвлөгөөний дагуу 2018-2019 онд хийгдэх ажилтай танилцан, палеонтологи, геологи, түүх, археологийн олдворыг судлах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн говийн бүсийн салбар Говь судлалын төв байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Шар цав” нь 70-80 сая жилийн өмнөх 5 төрлийн 20 мянга орчим үлэг гүрвэлийн мөр, асар том чулуужсан ясны олдвор бүхий газар бөгөөд тус газрыг “Оюу толгой компаний хөрөнгө оруулалтаар хашаажуулан, улсын тусгай хамгаалалтад авч Өмнөговь аймаг, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг, Оюутолгой компани хамтран жуулчдад зориулсан томоохон цогцолбор байгуулах эхлэл тавигдаад байна.

 

Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэрийн талаар:

2018 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хэлэлцэн баталсан шийдвэрүүдээс дурдвал: “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөр, Баянзагийн соёлын өвийн менежментийн төлөвлөгөө, Ойн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2018 оны төлөвлөгөө, Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө, Даланзадгад сумын шинэ суурьшлийн бүсийн 90 га газрын ерөнхий төлөвлөгөөг тодотгох, “Аюулгүй-амар тайван Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан шинэчлэн батлах,  “Алтан мазаалай” хүүхдийн театр байгуулахыг дэмжих, “Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн нэрсийн жагсаалт батлах”, “Элсэн манхны баяр” болон “Хайлаасны баяр”-ын арга хэмжээг зохион байгуулах, Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх гүний усыг ашиглахыг хязгаарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталж, “Жижиг, дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах”, “Монгол гэр ажиллуулах”, “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг ашиглуулах”, “Бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах” зэрэг журмуудыг хэлэлцэн, ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаанаар батлуулан ажиллалаа.

 

Мөн Тэргүүлэгчдийн шийдвэрээр дараах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаа. Үүнд: Орон нутгийн төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, Агаарын бохирдол тоосжилтын улмаас Цогтцэций сумын Цагаан Овоо багийг нүүлгэн шилжүүлэх, тоосжилтыг бууруулах асуудлыг судлах, Баруун бүсийн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн компаниудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг судлах, Даланзадгад сумын хэрэглээний халуун усаар хангагдах боломжтой орон сууцыг судалж, санал боловсруулах, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа Тавантолгой уурхайн орд газраас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км, Гурвантэс сумын нутагт байрлах нарийн сухайтын нүүрсний орд, Ноён сумын нутагт байрлах “Терра энержи” компаний уурхайгаас Шивээ хүрэн хилийн боомт хүртэлх авто замаар нүүрс тээвэрлэлт явуулж байгаа хүнд даацын авто машин эзэмшигч компаниудад хяналт шалгалт хийх, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө хүлээн авах гэх мэт нийт 10 гаруй ажлын хэсэг байгуулан ажиллуулж, үр дүн, тайланг Тэргүүлэгчдээр хэлэлцэн, зарим асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

 

Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч компаниудын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой Даланзадгад сумын томоохон гудамж, авто замын уулзвар, өргөн чөлөөг уул уурхайн компаниудын нэрэмжит болгосон шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг компаниуд нааштай хүлээн авч ирэх оны төлөвлөгөөнд тусган ажиллахаар болоод байна. Тухайлбал орон нутгийн өмчит “Таван толгой” ХК өөрийн нэрэмжит гудамж талбайн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар боловсруулан, 2019 онд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.   

 

Баруун бүсийн авто замын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн компаниудын оролцоог нэмэгдүүлэхээр ажлын хэсэг ажиллуулж байгаа бөгөөд  орон нутгийн чанартай аймаг, сумын төв доторх болон Даланзадгад-Баяндалай чиглэлийн авто зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлыг хариуцан ажиллах зам хариуцагчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.

 

Говь нутгийн иргэдийн амин чухал эрдэнэ болсон усны нөөцийг хэмнэх, байгалийн аясаар нөхөн сэлбэгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шинээр байгуулагдаж буй уул уурхайд үйлдвэрлэлийн зориулалтаар хоногт 100 шоо метрээс дээш ус ашиглахыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хориглохоор Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэний дагуу Төлөөлөгчийн хуралдаанд санал оруулж байна.

 

Мөн Гурвантэс сумын нутагт орших Тост тосон бумбын нурууг УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай асуудалтай танилцаж, уг асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулахыг дэмжлээ.

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт эрчимжиж байгаа өнөө үед говь, цөлийн бүсэд ургаж буй хайлаас модны экологийн үүргийг нэмэгдүүлэх, ус, салхины элэгдлээс хөрсийг хамгаалах, хөрсний ус чийгийг хадгалан барих, хайлаас модыг иргэдэд сурталчилж, бүх нийтээр хайлаас тарих хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд “Хайлаасны баяр” арга хэмжээг жил бүрийн 4, 10 дугаар саруудад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн гадаадын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нутгийн иргэдийн гар урлал, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх, аймаг орон нутгаа сурталчлах зорилгоор “Элсэн манхны баяр” арга хэмжээг Сэврэй сумын Хонгорын элс, Дуут манхны орчимд жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн Бямба, Ням гарагуудад зохион байгуулж байхаар баталлаа.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн танилцуулгатай танилцаж, 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг дэмжлээ.

 

ИТХ-ын дэргэдэх хороод, Төлөөлөгчдийн үйл ажиллагааны талаар:

Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагааны гол зорилтын нэг нь хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх юм. Энэ хүрээнд хороодын ажлын төлөвлөгөөг батлан, ажлын албаны ажилтнуудад хариуцуулан ажиллуулж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороод энэ онд дунджаар 52 хувийн ирцтэй 6 удаа хуралдаж, 25 асуудал хэлэлцлээ. Үүнд: Нийгмийн бодлого, хууль эрх зүйн хороо, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны хороо тус бүр нэг удаа, Эдийн засаг, өмч, төсөв санхүүгийн хороо, Уул уурхай, дэд бүтцийн хороо тус бүр 2 удаа хуралдаж аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, холбогдох байгууллагад, албан тушаалтанд зөвлөмж, чиглэл өгч ажилласан байна.   

Тухайлбал уул уурхай, дэд бүтцийн хороо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг сайржуулах зорилгоор Цогтцэций сумын Цагаан-овоо багийн нөхцөл байдалтай танилцан иргэд, сумын удирдлагууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөлтэй 4 талт уулзалт зохион байгуулан 105 иргэн оролцож санал бодлоо илэрхийлсэн байна. Гарсан саналуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний орон нутагтай хамтран ажиллах гэрээнд тусгаж, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулах ажлыг хамтын ажиллагааны гэрээнд тусгалаа.

Мөн Газрын гүний усны ашиглалт хамгаалалт, үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа усны ашиглалтын байдалтай танилцах ажлын хэсэгт уул уурхайн хорооны гишүүд орж ажилласан бөгөөд “Энержи ресурс”, “Оюу толгой” компаний ус ашиглалттай танилцан, Цогтцэций Ханбогд сумдад хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдсан асуудлаар аймгийн Засаг даргад чиглэл хүргүүллээ.

 

Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны хорооны хурлаар “Малчин”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, хөтөлбөрүүдийг нэгтгэн, сайжруулах чиглэл өгсний дагуу малчин хөтөлбөрийг Тэргүүлэгчдийн хурлаар шинэчлэн боловсруулж батлууллаа.

 

Эдийн засаг, төсөв санхүүгийн хорооны хурлаар “Гүний-Ус” компани, Ханбогд сумын “Хандизель”, Номгон сумын “Номдизель”, Цогт-Цэций сумын “Цог-Өрнөх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын тайлан, Цогт-Овоо сумын “Аврах говь” эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааны тайлан болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан хэрэгжүүлж байгаа “Зөгийн үүр”, “Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх”, “Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлийн гаралтыг бууруулах” хөтөлбөрүүдийн төсвийн зарцуулалт, хэрэгжилтийн явцтай танилцсан байна.  

 

Нийгмийн бодлого, хууль эрх зүйн хороо нь Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл, урлагын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээлэл сонсч, “Эрүүл шүд”, “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Эх хүүхдийн эрүүл мэнд”, Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих”, “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд”, “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, “Оюуны хүрд”, “Багш хөгжил”, “Англи хэлтэй Өмнөговь” хөтөлбөрүүдийн явцын хэрэгжилтийг хэлэлцэж, зөвлөмж чиглэл өгч ажилласан байна.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Төлөөлөгчдийн суудлын мөнгө зарцуулах журам”, “Оны шилдэг Төлөөлөгч шалгаруулах журам” тус тус батлан хэрэгжүүлж байна.

Төлөөлөгчид бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд зориулан Төлөөлөгчийн суудлын мөнгийг зарцуулах журам нь Төлөөлөгч иргэдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд суртачлах, түүний биелэлтийг хангуулах, аливаа хяналт шалгалт, зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох, Төлөөлөгчийн ажлаа тайлагнаж хурал, зөвөлгөөн, семинар, уулзалт, ярилцлагад оролцох, Төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар ном сонин, сэтгүүлд ярилцлага өгч хэвлүүлэх гэсэн 6 төрлийн үйл ажиллагаанд суудлын мөнгөө зарцуулж, тайланг улирал бүрийн сүүлийн сарын 20-ны өдрийн дотор Тэргүүлэгчдийн ажлын албанд хүргүүлэхээр заасан.

 

“Оны шилдэг Төлөөлөгч шалгаруулах журам” нь нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, шилдэг тэргүүний, шинийг санаачлагч Төлөөлөгч, Тэргүүлэгчийн ажлын амжилтыг урамшуулах зорилготой бөгөөд Төлөөлөгчид журамд заасан 18 шалгуур үзүүлэлт тус бүрээр дэлгэрэнгүй тайлан гаргаж  дараа оны 01 дүгээр сарын 15-ний дотор Тэргүүлэгчдийн ажлын албанд ирүүлнэ. Тайланг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн дүгнэж, Оны шилдэг нэг Төлөөлөгчийг шалгаруулах юм.

Иймд Төлөөлөгчид та бүхнийг сонгогдсон тойрогтоо идэвх, санаачлагатай ажиллаж, тайлан мэдээгээ хугацаанд нь бүрэн ирүүлэн, Шилдэг Төлөөлөгчөөр шалгарахыг хүсье.

 

Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагааны талаар:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба 2018 онд 11 хүний орон тоотой ажиллаж, ИТХ-ын үйл ажиллагааны зорилт, чиг үүргийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, мөрдөж ажиллаж байна.

 

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран аймаг, сумдын нийт эмэгтэй Төлөөлөгчдөд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн сургалтанд сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг тус тус хамрууллаа. 

 

Сумдын ИТХ-ын хагас, бүтэн жилийн ажлын тайлан, хуралдааны материалтай танилцан, арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтнууд болон khural.mn сайт, И-Оффис программын сургалтыг тус тус зохион байгууллаа.

Тайлангийн жилд аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, албан тушаалтнуудаас цахим хэлбэрээр хөрөнгө орлогын мэдүүлэг авах ажил зохион байгуулагдаж нийт 374 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн ажилласан байна.  

 

Бүтээн байгуулалтын жилд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, түүний ажлын албанаас хэрэгжүүлж байгаа нэг ажил нь Өмнөговь аймгийн хөгжлийн төлөө иргэд эв нэгдэлтэйгээр баг болж ажиллах “Шинэ баг” төсөл юм. Тус төслийг удирдан зохион байгуулах зөвлөл байгуулж, зөвлөлийн ажиллах журам батлан, нийт иргэдэд хандсан уриалга гарган, Даланзадгад сумын 8 багийн иргэдэд хэсэгчилсэн болон нэгдсэн мэдээлэл, уулзалт ярилцлагыг нийт 24 хэсэгт зохион байгууллаа. Түүнчлэн “Хөршийн холбоо” ТББ-тай хамтран иргэдэд Шинэ баг төслийн талаар мэдээлэл өгч, багийн манлайлагч нарыг сонгон, сонгогдсон манлайлагчдад Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвийн сургагч багш нараар сургалт зохион байгууллаа.  Тус төслийн хүрээнд Шилдэг орон сууц, Шилдэг гудамж, Шилдэг ашгийн бус баг хамт олныг шалгаруулан урамшуулах юм.

 

Иргэдийн харилцаа, хандлагад эерэг нөлөө үзүүлэх зорилгоор Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя”, “Монголын үг урлаачдын нийгэмлэг”-ийн тэргүүн Г.Бандицэрэнгийн Эерэг хандлага, гэр бүлийн харилцаа” сэдэвт лекцүүдэд иргэдийг үнэ төлбөргүйгээр урьж оролцууллаа. Тус лекцэд нийт 300 гаруй иргэн хамрагдсан байна.    

 

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Даланзадгад сумын 0-16 насны олон хүүхэдтэй 50 өрхийн хүүхдүүдэд ИТХ-аас гарын бэлэг гардуулж, Даланзадгад сумын 0-16 насны хамгийн олон хүүхэдтэй буюу 9 ам бүлтэй 5 дугаар багийн нэг өрхийн амьдрах орчныг сайжруулахаар өмчлөлийн газрыг шийдвэрлүүлэн, бүрэн тохижуулсан хашаатай болгож, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулж цэвэр усны шугамд холбон, 4х8 метрийн хэмжээтэй хүлэмжтэй болголоо. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Даланзадгад сумын захирагчийн ажлын алба, хилийн цэргийн 0131 дүгээр анги, Политехник коллеж, “Гүний-ус” компани гэх мэт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран ажилласаныг дурдахад таатай байна.   

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шинэ Үндсэн хууль батлагдсан тэмдэглэлт өдөр, Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит бөхийн барилдаан, аймгийн аварга шалгаруулахАхмад мастер”-уудын хөнгөн атлетикийн тэмцээн зэрэг арга хэмжээг уламжлалын дагуу зохион байгууллаа.

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын санаачлагаар аймгийн хэмжээнд “МАТЕМАТИК СТАНДАРТ”-ийн олимпиадыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Мини парламент уламжлалын дагуу 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Мини парламентаас санаачлан “Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын нэгдсэн сургалт, бага олимп”, “ОРОЛЦООГОО ХЭЛБЭРЖҮҮЛЬЕ” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.  

 

2018 онд аймгийн ИТХ-ын дарга, ажлын албанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 292 албан бичиг ирж, тэдгээрт 307 албан бичиг хүргүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын даргад мөнгөн тусламж, дэмжлэг хүссэн 45 өргөдөл ирснийг судлан үзэж, 91 хувийг нь Хурлын даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэсэн байна.

 

Тайлангийн хугацаанд ажлын албанаас ИТХ-ын 1 удаагийн хуралдаан болон Тэргүүлэгчдийн 18 удаагийн хуралдааны явцад 410 хуудас тэмдэглэл хөтөлж, 19 хадгаламжийн нэгжид нийт 6600 орчим хуудас материалыг заавар журмын дагуу архивлалаа.  

 

Иргэний танхим-Иргэдийн оролцоо, мэдээлэл сурталчилгааны талаар:

Аймгийн Иргэний танхимын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд иргэдээс санал авах чиглэлээр 10 төрлийн хэлэлцүүлэг болон цахим хурал, 18 төрлийн сургалт, 3 удаагийн мэдээлэл сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Тухайлбал “Сууц өмчлөгчийн холбоо байгуулах нь”, “Уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэж байгаа усны хэрэглээ, түүнд тавих хяналт”, “Эрүүл мэндийн тулгамдсан асуудал” зэрэг сэдвүүдээр нийтдээ 36 удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, цахим хурал, сургалтыг зохион байгуулж төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчид, олон нийтийн төлөөлөл болох 1519 хүнийг хамруулж, 771 санал санаачлага гарсны 720 санал буюу 93 хувийн саналыг нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан, холбогдох шийдвэрүүдэд тусган хэрэгжилтийг ханган ажиллалаж байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны хурал.мн болон facebook хуудсаар дамжуулан аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын мэдээ мэдээлэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс гарч буй бодлого, шийдвэрүүдтэй иргэд, байгууллагууд цаг алдалгүй танилцаж, мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн орон нутгийн телевиз, цахим сүлжээгээр дамжуулан Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хурлын ирц, хэлэлцэх асуудлыг иргэдэд шууд дамжуулан мэдээллэж байна.

 

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч буй тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Тэргүүлэгчдийн ажлын албаны тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн хагас бүтэн жилээр хяналт үнэлгээ хийн ажиллаж байна.

Аймгийн ИТХ-аас баталсан Даланзадгад сумын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө 96,1%, Малчин хөтөлбөр 79%, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр 68,3%, “Хоршоолол, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр 85,4%, Чацаргана дэд хөтөлбөр 83% хэрэгжсэн байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хяналтанд байгаа 128 тогтоолоос 100 хувь хэрэгжсэн 60 тогтоол байгаа бөгөөд бусад тогтоолуудын хэрэгжилт 12 сарын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн дүгнэнэ.  

 

Хоёр. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, орон нутгийн өмчийн эрхийн хэрэгжилтийн хүрээнд:  

Аймгийн статистикийн хэлтсийн мэдээгээр 2018 оны эхний 9 сарын байдлаар аймгийн хүн ам 66,6 мянга, малын тоо толгой 2,9 саяд хүрч, газар тариалангийн салбарт 970,47 тонн хүнсний ногоо хурааж авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүн ам 1 мянга, малын тоо толгой 24 мянга, хүнсний ногоо 386 тонноор өссөн дүнтэй байна.

Аймгийн ДНБ 2016 онд 404,0 сая төгрөг байсан бол 2017 онд 540,3 сая төгрөг болж 25 орчим хувиар нэмэгдэж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57,3 хувиар буурсан байна.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын 2017 оны санхүүгийн жилийн эцсийн тайлангийн нэгтгэлээр эргэлтийн хөрөнгө 277,0 тэр бум, эргэлтийн бус хөрөнгө 385,4 тэр бум, нийт хөрөнгийн дүнг 662,4 тэр бум төгрөгөөр баталлаа.

 

Түүнчлэн “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, дүгнэх”, “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг хаягжуулах”, “Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх” журмууд болон  “Даланзадгад дулаан хангамжийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг батлан, “Даланзадгад зорчигч тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, дүрмийг нь баталлаа.

 

Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2018 онд 5 удаа удирдамж, чиглэл өгч ажилласан байна. Тухайлбал нүүрсний зах зээлийн үнийг судалж, түүнтэй уялдуулан 1 тонн нүүрсний экспортын үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх,  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад нүүрсний үнийг хямдруулж худалдах зэрэг чиглэлийг орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгосон.

 

Орон нутгийн өмчит 52 байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэн, нийт 49 тогтоолоор 4,4 тэр бум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд: 2,2 тэр бум төгрөгийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, 1 тэр бум төгрөгийн хөрөнгийг акталж, данснаас хасан, 368 сая төгрөгийн хөрөнгийг дуудлагаар худалдахаар, 700 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

Гурав. ИТХ-ын зарим ажлын хүрээнд.   

Төрийн болон аймгийн ИТХ-ын шагналын талаар:

Тайлант хугацаанд төрийн дээд шагналд нийт 300 хүний материалыг бүрдүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 8, Алтан гадас одонгоор 55, Цэргийн гавьяаны одонгоор 4, Хөдөлмөрийн хүндэт медалиар 33, Цэргийн хүндэт медалиар 1, шудрага журам медалиар 1, нийт 102 иргэн, “Эхийн алдар-1, 2дугаар одонгоор 251 эх шагнагдлаа.

Аймгийн дээд шагнал болох “Хүндэт иргэн”-ээр 1, “Хүндэт тэмдэг”-ээр 3, аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр 98, “Хүндэт өргөмжлөл”-өөр 94 иргэн тус тус шагнагдсан байна.

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлын талаар:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах, цагаатгалын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой тодруулга, мэдээлэл авахаар хүсэлт 3, санал 5 ирснийг хүлээн авч, хариу хүргүүлэн, 11 иргэнд мэдээлэл өгч, эрх зүйн туслалцаа үзүүллээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Маанын хийдэд 108 зул өргөж, ном хуруулан, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө дурсгалыг сэргээх, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсох ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын талаар:

Аймгийн ГХУСАЗСЗ нь 2018 онд гэмт хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлээр 51 заалт бүхий төлөвлөгөө батлан ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн нарыг нэмж оруулан, шинэчлэн баталж хуралдааныг 3 удаа хуралдуулж, төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг чадавхижуулах сургалт, болзолт уралдаан, Хил хамгаалах туслах хүчний нэгдсэн сургалт, Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн, Амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө “Хамтдаа сэргийлж, хамтдаа хөгжье” сэдэвт хамтарсан уулзалт зөвлөгөөн болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн талаарх хуулиудыг сурталчилах, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлгийг тус тус зохион байгууллаа.

Өсвөр насны хүүхдүүдэд цахим хэрэглээг зохистой хэрэглэх талаар сургалт зохион байгуулж, Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон анхаарал хандуулах шаардлагатай хүүхэд залуучуудын судалгааг гарган, “НЭГ АЛДВАЛ” арга хэмжээ, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл цагаан шугам-2018”, цахим хэрэглэгчдийн дунд “Цахим орчинг зөв болгоё” сэдэвт мессэжний уралдаан, эрх зүйн зөрчлийн улмаас баривчлах шийтгэл эдэлж байгаа хүмүүст чиглэсэн сургалт сурталчилгаа хийх, “ИТГЭЛ-ЗҮТГЭЛ” уулзалт, өдөрлөгийг тус тус зохион байгууллаа.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсэг Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа Тавантолгойн уурхайн орд газраас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км авто зам дээр гарч байгаа зам тээврийн осол, зөрчлийн өнөөгийн байдалтай танилцаж, шөнийн цагаар тээвэрлэлт хийж байгаа автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрэл дохионы бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгсэл шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохиог шилжүүлдэг эсэхтэй танилцаж, зөрчлийг арилгах, гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Ажлын хэсэг үйл ажиллагааны тайлангаа Тэргүүлэгчдэд тайлагнаж дээрх нөхцөл байдлын талаар холбогдох Яамд, Авто тээврийн Үндэсний төв, "Гашуун сухайт авто зам" ХХК "Эрдэнэс Монгол" ХХК зэрэг байгууллагуудад хүсэлт, албан бичиг хүргүүлж, Тэргүүлэгчдээс холбогдох албан тушаалтнуудыг хамруулан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтоор нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, аймгийн Засаг даргад чиглэл болгосон 8 заалт бүхий тогтоолыг хүргүүллээ.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, НҮБ-ын хүн амын сан, аймгийн ГХУСАЗСЗ хамтран 2018 оны 10 сард Даланнзадгад суманд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагааговийн бүсийн зөвлөгөөнийг 6 аймгийн 26 сумын холбогдох албан тушаалтнуудыг хамруулан зохион байгууллаа.

 

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймагт “АА” бүлгэм байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэн, говийн бүсийн “АА” бүлгэмийн сургалт, уулзалтыг амжилттай зохион байгуулж 160 орчим иргэд хамрагдлаа.

Өмнөговь аймгийн эрэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ-ын НБХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж, чуулганд салбар бүрийн болон 15 сумын нийт 300 орчим эрчүүд оролцон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

 

Дөрөв: ИТХ-ын цаашдын зорилтын тухай

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс дэвшүүлсэн бодлого, гаргасан шийдвэрийг ажил хэрэг болгоход бүх шатны ИТХ, Төлөөлөгчид, Засаг дарга, түүний Тамгын газар, харьяа агентлаг, байгууллага, албан тушаалтнууд, хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр тодорхой үр дүнд хүрч ажилласныг тэмдэглэж хэлэхэд таатай байна.  

Цаашид нутгийн удирдлагын байгууллагаас дараах ажилд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна. Үүнд:

1. Орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын зэрэгцээ иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна. Тухайлбал зам тээврийн осол гэмтэл, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа, гэмт хэргийг хянан шалгах, таслан зогсоох талаар бүх талын арга хэмжээ авах

2. Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлж, албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, бүх шатны Хурлын Төлөөлөгчид, хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх.

3. 2019 оныг бүх шатны Хурлын Төлөөлөгчдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, иргэд төрийн байгууллагуудын холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг шат шатандаа дэвшүүлж ажиллацгаая.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%